Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишра Монгол Улсыг хариуцан шинээр томилогдсонтойгоо холбогдуулан эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох, санал солилцох зорилгоор уулзах хүсэлт гаргасан байна.
Уулзалтын үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал болон барьж буй бодлого, цаашдын чиг баримжааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл өгсөн. Тухайлбал, УИХ-аас эдийн засгийг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ 2018 оны төсвийн алдагдлыг найман хувьтай баталсан, 2017 оны төсвийн орлого давж биелсэн, эдийн засаг өсөлттэй гарсан, банкны салбарын суурь хуулиудыг шинэчлэн баталсан хийгээд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар танилцууллаа.
Мөн урт хугацаатай, хүү багатай хөгжлийн зээлээр санхүүжих төсөл, хөтөлбөр болон эдийн засагт хувь нэмрээ оруулах томоохон төслүүдийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, мэдээлэлтэй холбогдуулан Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишрагийн тавьсан асуултад хариулан, санал солилцсон юм.
Энэ үеэр ноён Дипак Мишра Дэлхийн банкнаас улс орнуудад зээл, санхүүжилт олгохдоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг чухалчлан үздэгийг тэмдэглэж, өрийн хэмжээг зохистой түвшинд барих талаар саналаа хэлэв.
Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх дөрвөн жилийн стратегийн баримт бичгээ боловсруулж буйтайгаа холбогдуулан аль салбарт дэмжлэг шаардлагатайг тодруулсны дагуу Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч, хувийн хэвшлийн сайн төслүүдийг дэмжиж хөрөнгө оруулах хүсэлт тавилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.