АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж Вашингтонд уулзахыг санал болгожээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков «Интерфакс» агентлагт мэдээлсэн байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Манай хоёр улсын Ерөнхийлөгч нар утсаар ярих үед Д.Трамп эхэлж В.Путинтэй Вашингтонд яриа хэлэлцээ хийх санал дэвшүүлсэн. Энэ нь их сонирхолтой ажил хэрэгч санал байлаа” гэж хэлжээ. Одоогоор хэлэлцээр хийх өдөр судрыг тогтоогүй байгаа бөгөөд гэхдээ ойрын 10 хоногийн дотор Орос Америкийн удирдагчид уулзалдаж магадгүй гэдгийг тэрээр мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 3-р сарын 20-нд В.Путинтэй утсаар ярьсан бөгөөд Сирийн асуудал болон Украины хямрал мөн түүнчлэн АНУ-ын засаг захиргаанын удирдах бүрэлдхүүнд гарсан өөрчлөлттэй холбогдуулан хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Ерөнхийлөгч В.Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байх үеэр АНУ-ын зарим улс төрчид болон тус улсын засаг захиргааныхны зүгээс түүнд баяр хүргэх хэрэггүй гэсэн мессежийг өгч байсан ч Дональд Трамп тэдний үгийг сонсолгүй В.Путинд баяр хүргэсэн юм. Тухайн үед Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа “ОХУ-тай хамтарч ажиллах нь буруу зүйл биш. Тэд бидэнд Хойд Солонгос, Сири, Украин, Исламын улс, Иран болон зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн бичиж байсан ажээ.