Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан ээлжит мэдэгдлээ хийлээ. Тэрээр хэлэхдээ өнөөдөр Монгол улс гэм зэмгүй жирийн иргэд, төрд зүтгэж байсан албан хаагчдыг захиалгаар хуулийн нэр барьж шорон гянданд хийх явдал хэрээс хэтэрлээ. АН-ын нэр хүндэд ч халдаж байна. АН-ын гишүүд өөр хоорондоо хагаралдаж тэмцэлдхээс өөр ажилгүй мэт сэтгэгдлийг олон түмэнд зориудаар үүсгэж байна. Харин МАН-ынхан энэ бүхнийг чимээгүй ажиглан баясан харж байна. Хуйвалдааний төр төрийн албан хаагчдын шийдвэр гаргах эрхийг барьцаалан сейфэндээ хийчихлээ. Тэд төрийн эрхийг хууль бусаар авч засгийн газрыг унагаасан. Тэд Монголыг хувааж идэхээр санаархаж байна. Энэ хүртэл бид тэсч ирсэн. Энэ бүх бульхай луйврыг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэрийг энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэдний нэрийг зоригтой нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэд өнөөх шударга бусын хонгилоос айдаг юм. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нар юм. Миний мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй. Өөртэй нь үгсэн хуйвалддагүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг доромжлол дарамт шахалт өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Авилгатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байнга жүжиг тоглодог байсан. Монгол Улсыг хуваан эзэмших оролдлого хийж байгаа нөхдүүдэд “битгий давар” гэж хэлэх цаг нь болжээ. Ардчилалаа хамгаалж үлдэх тэр цаг нь ирсэн. Авлигачид айдсаасаа салах цаг болсон. Авлигачид худлаа ярьж нөхдөө хорьж намаа бузарлаж улсаа луйварддаг тэр цаг дууссан гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн эрх мэдлийг гартаа авсныхаа дараа олон том олигархууд болон тэдний хань хамсаатнуудын эсрэг хатуу арга хэмжээ авч заримыг нь шоронд хийж зарим нь гадаадад амь зулбан ум хумгүй зугатаасан нь үнэн юм. В.Путиныг эсэргүүцдэг хүмүүсийн дотор дэлхийн шатарийн аварга асан Г.Каспаров ордог. Тэрээр нэгэнтээ барууны нэгэн сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Кремлийн эрх баригчдыг ойлгохын тулд Кремль судлал хэрэггүй харин кримнологи судлал хэрэгтэй гэж хэлж байсан удаатай. Түүнийхээр бол В.Путин бол Godfather буюу Загалмайлсан эцэг тэдний багийг ойлгож ядах юмгүй , зүгээр л кино прокатнаас “Загалмайлсан эцэг” киног худалдаж аваад гэртээ суугаад үзэхэд хангалттай гэж хэлсэн байдаг юм. Яг үүнтэй адил үйл явдал Монголд үүсчихлээ гэж Н.Алтанхуяг үзэж байгаа бололтой. Түүний бодлоор Ц.Элбэгдорж, М.Энхболд нар бол төрөөс төрсөн тэрбумтнуудийн бүлэглэлүүдийг удирдан чиглүүлдэг загалмайлсан эцэг нар бөгөөд тэд нар байсан цагт Монгол улс хэзээ ч өөдлөхгүй, бас шударга бусын хонгил байсаар байна гэж тэрээр үзэж байгаа ажээ.