Номхон далайн хойд хэсэгт бий болсон “Хогон арал”-ын хэмжээ өмнө нь тооцоолж байснаас хамаагүй илүү том болсон байна гэсэн дүгнэлтийг олон улсын эрдэмтдийн баг хийжээ. Судлаачдын үзэж байгаагаар, уг “Хогон арал” нь дан хуванцар эдээс тогтож байгаа бөгөөд жин нь ойролцоогоор 45-129 мянган тонн болж байгаа юм байна. Харин нийт талбай нь 1,6 сая хавтгай дөрвөлжин км байгаа нь Францын нутаг дэвсгэрээс хоёр дахин том гэсэн үг юм.
Далай дээрх уг “Хогон толбо” нь усанд хөвж буй 1,1-3,6 их наяд ширхэг жижиг элементээс бүрдэж байгаа ба тэдгээрийн ихэнх нь хуванцар хог хаягдал, түүнээс тал илүү хувь нь загасны тор байгаа юм байна.
Энэ талаарх мэдээллийг нисэх онгоц, хөлөг онгоцноос ажиглалт хийж, мөн компьтерийн загварчлал хийсний үр дүнд судлаачид олж авчээ. Тухайн газарт асар их хэмжээний хог хуримтлагдсан байна гэдгийг эрдэмтэд 30 орчим жилийн өмнө тогтоосон бөгөөд тэдгээр хогны ихэнх нь Хойд Америк болон Японы эргээс хөвж ирсэн хог хаягдал байгаагаас гадна мөн хөлөг онгоцноос шидсэн хогнууд ч байгаа ажээ. Судлаачдын үзэж байгаагаар, “Хогон арал” нь байгаль орчинд ялангуяа далайн тэнгисийн амьтны аймагт ноцтой аюул учруулж байгаа юм байна. Тухайлбал, хуванцар савууд жижиг хэсгүүдэд задарснаар зарим амьтад тэдгээрийг идэш тэжээл хэмээн андуурч иддэг аж. Түүнээс гадна, далайн давстай усны нөлөөгөөр хуванцар хог хаягдлуудаас хортой бодисууд ялгардаг ажээ.