АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Ерөнхий сайд асан С.Баярыг гуравдугаар сарын 12-ны өдөр дуудан байцаалт авсан юм.
АТГ-аас тухайн үед С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар байцаалт авсан талаар мэдээлж байсан. Мөн АТГ-аас оффшортой холбоотой данс, хөрөнгийн талаарх мэдээллийг С.Баяраас тодруулсан байдаг юм.
Дашрамд дурдахад, С.Баяр нь Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн бөгөөд түүний чөлөөлөх хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, дэмжсэн юм.