Германы хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг, тэрбумтан Карл-Эриван Хауб нь Швейцарын Альпийн нуруунд алга болсон байна. “Тенгелманн” сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч тэрээр өнгөрөгч Бямба гаригт Маттерхорны орчимд ууланд цанын аялалд гараад эргэж ирээгүй аж. Лхагва гаригт “Тенгелманн” компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ ноён Хаубыг эрэн хайх ажиллагааг хурдтай явуулж, аврагчдыг дайчилж байгаа тухай ярьсан байна.
Өдгөө 58 настай тэрбумтан 2000 оноос хойш тус пүүсийг удирдан ажиллуулж байгаа юм. Пүүс нь Герман болон Төв Европын орнуудад супермаркетийн олон тооны салбаруудыг эзэмшдэг аж.
Германы нэгэн хэвлэлд түүний ах Кристиан Хауб ярихдаа Карл-Эриван Хаубыг туршлагатай цаначин, уулчин байсныг дурджээ. Хаубын гэр бүлийнхэн түүнийг олно гэдэгт найдаж байгаа ч, ямарваа нэг муу мэдээнд сэтгэл санааны бэлтгэлтэй байх болно гэсэн байна.
Ноён Хаубыг олж чадахгүй байсан ч компанийн үйл ажиллагааг ном журмынх нь дагуу хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ ах нь мэдэгджээ.
Б.Болормаа