Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь өнөөдөр өглөө үдлээ. Монгол түмний бахархал болсон Их аваргаа үдэх ёслолд Талийгаачийн гэр бүл болон Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүбат, Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Түүний шарилыг Алтан-Өлгийд залсан бөгөөд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал гашуудлын үг хэллээ. Тэрээр “Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг Их аварга Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ.
Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.” хэмээжээ.