Орос орон тоталитари системээс салж ардчилсан улс болох эхний үед тус улсад олон арван тэрбумтнууд төрөн гарсныг та бүхэн мэдэх билээ. Тэдгээр шинэ Оросын бизнесменүүдийг хүмүүс олигархиуд гэж нэрлэдэг байсан бөгөөд тэд хэрхэн ийнхүү богино хугацаанд хөлжсөнийг хүмүүс одоо хэр нь гайхдаг. Ийн асар богино хугацаанд тэрбумтан болно гэдэг нь хууль бус аргаар эсвэл бусдыг мөлжиж завших замаар байж болох үзэгдэл гэдэг. В.Путин Оросын ерөнхийлөгч болсноосоо хойш гэмт хэрэгтнүүд тэр тусмаа эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарласан. Автовазийг дампууруулж асар их ашиг олсон Борис Березовский Англид дүрвэж, хэвлэлийн магнат байсан А.Гусинский Израйль руу зугтсан нь үүний тодорхой жишээ юм. Харин үлдсэн хэдэн олигархиуд нь В.Путинээс айж түүний бодлогыг хүлээн зөвшөөрч цагаан туг мандуулан бууж өгсөн. Гэхдээ бүгд азтай байсангүй. ЮКОС-ын эзэн, “Форбс”-д дээрээсээ эхний аравт бичигддэг байсан дэлхийн баячуудын нэг М.Ходорковскийг гай дайрсан юм.
Түүнийг татвараас зайлсхийсэн мөн хууль бусаар ашиг олсон гэх үндэслэлийн дагуу В.Путины тушаалаар баривчилсан билээ. Оросын газрын тосны экс магнат Михаил Ходорковский 2003 оноос хойш шоронд хоригдож байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Путины хамгийн том өрсөлдөгч гэгдэж байсан “ЮКОС”-ийн захирал асан ийнхүү 11 жил хоригдоод, суллагдсан даруйдаа Шенгений орнуудын виз авч, одоо Швейцарид амьдарч байгаа юм. Ингээд түүний Сибирийн чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байхдаа Францын “Пари Матч” сэтгүүлд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Таны жирийн өдрүүд яаж өнгөрдөг вэ, сайн унтаж чаддаг уу?
-Эндэхийн дэглэм маш хатуу, чанга. Би хорь орчим хоригдолтой өрөөнд байрладаг. Бүх хүн дүрэм журмыг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ миний бие организм, оюун ухаан энэ ачааллыг давж гарч чаддаг. Наранд байхдаа би маш бага унтдаг байсан. Яагаад гэвэл тэнд гэр бүл, сайхан ажил минь байсан болохоор тэр.
-Ер нь энэ шоронд хэдэн хоригдол байдаг вэ? Тэд танд яаж ханддаг мөн танаас мөнгөний чинь талаар асуудаг уу?
-Энэ шорон 200 гаруй хоригдолтой, дундаж нас 25. Тэд хулгай дээрэм, хар тамхи зэрэг янз бүрийн хэргээр ял эдэлдэг. Миний олонд танигдсан нэр хүнд болон нас зэргээс хамаарч хоригдлууд надад хүндэтгэлтэй ханддаг. Харин мөнгөний талаарх асуудлыг энд ярих хориотой.
-Танд нийгмээс тусгаарлагдсан орчинд байх ямар байна? Гэр бүл найз нөхөд гээд хүнд биш үү?
-Энэ мэдээж хүнд л дээ. Гэхдээ байгаа газраа зохицохгүй гээд яах билээ. Намайг бусад хоригдлуудтай байнгын буюу нөхөрсөг харилцаатай байх нөхцөлийг хориглодог. Бас мэдээлэл олж авах нөхцөл боломж хомс. Хамгийн хэцүү нь гэр бүлийнхэнтэйгээ байнга уулзаж чаддаггүйд байдаг.
-Шоронд ямар хоол идэж байна? Согтууруулах ундаа хэрэглэж болдог уу? Гэр бүлийнхэн тань эм болон хүнс хоол авчирч өгдөг үү?
-Би бусад хоригдлуудын адил маш хатуу хяналттайгаар хоёр сард нэг удаа эргэлт авдаг. Мөн шоронгийн дэлгүүрээс ахуйн хэрэгцээний зүйлээ авч болдог. Шоронд каш, төмс бага зэргийн мах, загас, талх гээд энд юу өгснийг нь л иддэг. Харин согтууруулах ундааны зүйл хориотой байдаг.
-Та энд ирээд өвдсөн үү? Бас хордуулах вий гэж айдаг уу?
-Мэдээж эндэхийн эрс тэс цаг агаар, эмнэлгийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Харин би эцэг эхийн буян мөн эрүүл чийрэг биеийн ачаар нэг их өвдөөд байдаггүй. Тэгээд ч манай шоронд өвдөж болохгүй дүрэмтэй.
-Таныг завсар зайгүй ажиллаж байгаа гэдэг. Танд компьютер, гар утас, сансрын антеннтай зурагт байдаг уу? Ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ? Сонин уншдаг уу?
-Оросын шоронд компьютер, гар утас, интернет бүгд хориотой. Би жирийн л нэг хоригдол. Манай шоронд 100 орчим хүн бөөнөөрөө үзэж болдог зурагт бол бий. Түүгээр төв телевизийн зарим нэг сувгийг үзэх боломжтой. Гэхдээ би хэвлэмэл материал нэлээдийг хүлээж авдаг.
-Та бол агуу бизнесмен. Та бизнесийн ямар салбарыг бүтээж чадах байсан бэ? Бизнесээс илүү улс төрийн талаар бодож байв уу?
-Миний хувьд өнөөдөр шоронгоос гарах нь хамгийн гол зорилго. Би энэ талаар өмгөөлөгчтэйгээ байнга ярилцаж байна. Гэхдээ бас улс орны ирээдүйн талаар боддог. Мөн Оросын сөрөг хүчнийхний хэвлэлд шоронгийн амьдралын талаар бичиж өгдөг. Энд хэлмэгдсэн, гайхалтай ухаантай маш олон хүмүүстэй би тааралддаг.
-Ойр дотныхон тань таныг суллуулах талаар хэр хөөцөлдөж байна вэ?
-Тэд маань чадах бүхнээ хийж байгаа. Үүнд би маш их талархдаг.
-Таныг ЮКОС-ыг хууль бусаар авсан гэдэг. Энэ үнэн үү?
-Энэ бол худлаа. 1996 он хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг үе байсан юм. Тэгэхэд олон хүн ЮКОС-ыг зөвөөр үнэлж дүгнэж хараагүй. Үүгээрээ би зөв алхам хийсэн. Харин дараа нь байдал өөрчлөгдсөн.
-Таныг Оросын сөрөг хүчнийхэн болон олон хүн буруугүй гэдэгт итгэдэг. Танд өөрийн итгэл найдварыг олж авах, мөн өөртөө итгэх итгэлээ гээгээгүй гэх үзэл байгаа юу?
-Тиймээ, би өөрийнхөө болон Орос орны ирээдүйн сайн сайханд итгэдэг. Хэзээ нэгэн цагт үнэн ялж сайн сайхан болно гэдэгт итгэж байна. Миний хувьд энэ байдлыг бий болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.
-Путин, Орос орон, маргаашийн өдөр юу болох бол?
-Путин сөрөг хүчин болон чөлөөт хэвлэлийг бүгдийг нь боомилсон. Тэр ч бүү хэл тэр намайг өөрийнхөө хувийн дайснаараа зарласан. Өнөөдөр дарангуйлагч В.Путин болон түүний авлигалд автагдсан улс төрчид Орос орныг удирдаж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна.
-Путин урьдын адил залуу үеийнхний шүтээн хэвээр байсаар байна. Хэзээ нэгэн цагт Тунис, Египетэд болсон шиг Оросын хавар болж, залуучууд босох болов уу?
-Боловсролтой, өөртөө итгэлтэй залуучууд түүнийг гаргаж ирээгүй. Тэр зөвхөн чөлөөт ертөнцийн нөлөөнөөс гадуур өөрийн системийг оршин тогтнуулж чадаж байна. Ийм байдлаар удаан үргэлжлэхгүй, улс орон ч хөгжихгүй.
-Зарим хүмүүс баячуудыг ийнхүү шийтгэх хэрэгтэй гэдэг. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Магадгүй, зарим хүн намайг үзэн ядаж байж болох юм. Гэхдээ бүх бизнесменүүд, олигархиуд муу хүмүүс биш. Тэднийг бүгдийг нь хулгайч, дээрэмчин гэж үзэж болохгүй. Ийм үзэл бодолтой орос хүн олон байгаа.
-Гэр бүлийнхэнтэйгээ уулзсаны дараа ямар байдаг вэ?
-Одоогоор надад тэдэнтэйгээ эрх чөлөөтэй уулзахад 5 жилийн хугацаа үлдээд байна. Тэдэнтэйгээ уулзах нь надад маш чухал. Уулзалт дууссаны дараа дахиад 3 сарын дараа уулзана гэж бодохоор үнэхээр хүнд байдаг.
Ж.Батдорж