“The Voice of Mongolia” шоуны халз тулааны шат өчигдрөөр өндөрлөлөө. Энэ өдөр шүүгч нар урьдын адил маш хүнд сонголтуудтай учирсан ч, үзэгчдийн зүгээс ихэвчлэн буруу сонголт хийсэн гэх шүүмжлэлийг дагуулав. Түүнчлэн шилдэг оролцогчид, хүчтэй өрсөлдөгчдийн сэтгэл хөдөлгөм үзүүлбэрийг ч ам булаалдан хэлэлцэж байлаа. Тэдгээрийн нэгээхэн хэсэг, МУГЖ Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн багийн өрсөлдөгчид болох Болормаа, Оюунсүрэн нарын халзагнал үнэхээр эрч хүчийг мэдрүүлж байсныг энд онцлоё.
Хөтлөгч энэ хоёр оролцогчийн хоолойг бишрэн “Хэрэв та хоёрын хоолой булчинтай байсан бол яг Шварцнеггер шиг байх байсан болов уу” гэж зүйрлэн хэлсэн бол шүүгч, дасгалжуулагч нар тэднийг магтан хэлэх, байх үгээ олж ядан байсныг дурьдах хэрэгтэй. Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагч өөрийн багийн хоёр гишүүнийхээ тухай хэлэхдээ тэднийг өөрийн багийнхнаас хамгийн шилдэг “бэст” оролцогчид нь гэдгийг онцлон хэлж байлаа. Ингээд сонголтоо Болормаагийн талд хийсэн бол, Оюунсүрэн энэ үеэр хэвлий дэх үрдээ цагаа зарцуулах хэрэгтэй болсноо дуулгасан нь гэнэтийн мэдээ болов. Олон зүйлийг нуршилгүй хоёр оролцогчийн гал халуунаар дүрэлзсэн, “галзуу баттл”-ыг хүргэе.