“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Алтжин’ группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралд оролцож мэдүүлэг өглөө. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас 109 сая ам долларын зээл авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа ба өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар зургаан хоног хоригдож байгаа юм. Шүүх хурал өдөр 14.00 цагт эхэлж оройн 19.40 цагт өндөрлөж Төрийн банкны эсрэг шийдвэр гарсан байна. Шүүх хурлын дараа Ш. Батхүүг цагдан хорих 461 дүгээр хорих ангийн машинд суулган авч явсан бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрээр саатуулагдсан цагаас хойш биеийн байдал нь эрс муудаж, чихрийн шижин өвчнийхөө улмаас хоол идэж чадахгүй байгаа юм байна.