Жирэмсний эхний шинж тэмдэг илрэхээс өмнө мэдэх хамгийн баттай бөгөөд хурдан арга бол жирэмсний тест хийж үзэх явдал юм. Сарын тэмдэг ирэхгүй, шинж тэмдэг нь илэрч эхэлмэгц жирэмслэлтийн тухай бодож эхэлдэг. Би жирэмсэн болсон байх учиргүй гээд асуудлаас бултах аргагүй. Зарим тохиолдолд нэг удаагийн бэлгийн хавьтлаар ч бие давхар болж болно. Тиймээс сарын тэмдэг ирэхийг хүлээлгүй тест хийж үзэх нь зөв.
Тестын тухайд
Жирэмсний тест нь жирэмсэн үед зөвхөн үүсдэг (HCG) дааврыг илэрүүлдэг. Хэрэв тест эерэг байвал андуурал байх учиргүй. Харин сөрөг гарсан бол нэг бол жирэмсэн биш, нэг бол арай эрт үзсэн буюу дааврын хэмжээ тестээр илрүүлэх хэмжээнд хүрээгүй гэсэн үг.
Тест хир баттай вэ?
Худалдаалагдаж буй тестүүд бараг 100%-ийн үр дүнтэй буюу маш баталгаатай. Эерэг хариу гарч байгаа бол алдаатай байна гэж бараг л байхгүй. Сөрөг хариу гарсны дараа сарын тэмдэг ирээгүй байсаар байвал 1 долоо хоногийн дараа дахин үзэх нь зөв. Жирэмсний даавар тодорхой түвшинд хүрсний дараа тестээр илэрдэг. Энэ нь үр тогтсны дараа 10-12 дахь хоногоос эхэлдэг бөгөөд үүнээс хойш үзэхэд үр дүн нь ихэвчлэн баттай байна. Хэт эрт үзсэн эсвэл биед жирэмслэлийн даавар ялгараагүй тохиолдолд зөрүүтэй сөрөг хариу гарах магадлалтай.
Нэг тод, нэг бүдэг зураас гарвал юу гэж ойлгох вэ?
Нэг тод (хяналтын), нэг бүдэг (үр дүнгийн) зураас нь жирэмсэн болсон гэдгийг илтгэнэ. Зураас бүдэг гарсан бол “эргэлзээтэй” гэж хүмүүс цуу ярьдаг. HCG гормон нь зөвхөн эмэгтэй хүн жирэмсэлсэн тохиолдолд л ялгардаг өвөрмөц гормон учир бүдэг гарвал гормоны хэмжээ бага буюу жирэмсний маш эрт үе дээр явааг илэрхийлж байгаа юм.
Гэрийн нөхцөлд жирэмсэн болсон эсэхийг мэдэж болох хялбар арга.
Танд нэг шил иод, цаас, бага зэрэг шээс хэрэг болно. Эхлээд цаасан дээрээ шээсээ дусааж, дараа нь хэдхэн дусал иодыг дусаагаад үзээрэй. Хэрэв иодын өнгө өөрчлөгдөхгүй хүрэн хэвээр байвал жирэмсэн биш, харин өнгө нь хувирч хөх ягаан, нил ягаан өнгөтэй болвол жирэмсний болсны дохио юм. Гэхдээ энэ аргыг анагаах ухааны судалгаагаар батлаагүй тул шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Гэвч практик дээр олон эмэгтэйчүүд энэ техникийг найдвартай гэдэгт итгэдэг байна.
Бие давхар болсон бол …
Төлөвлөсөн жирэмслэлийн үед хоол хүнсээ тохируулах, элдэвийн эм хэрэглэхээс зайлсхийх зэргээр анхаарлаа өндөрсгөх нь зөв. Мөн жирэмсний эхэн үед доошоо зууралдсан цагаан юм ихээр гарах бөгөөд энэ нь эхний 8 долоо хоногийн турш үргэлжилнэ. Эхэндээ тус цагаан зүйл нь маш өтгөн, зууралдсан байх бол өдөр хоног өнгөрөх тусам гарах хэмжээ нь багасч, шингэрнэ.
Харин жирэмслэхээс зайлсхийж байгаа бол хамгаалалтгүй хавьтал эсвэл бэлгэвч урагдсан, жирэмслэлээс хамгаалах эмээ уухаа мартсан зэрэг үед үр тогтохоос сэргийлж, хавьтлын дараа 72 цаг дотор уудаг дааврын бэлдмэл бий. Энэ нь манай улсад эмчийн жороор олгодог эм тул шаардлага гарсан тохиолдолд эмчээр бичүүлж аваарай. Гол нь ийм төрлийн эмийг тогтмол хэрэглэж болохгүй, мөн нэгэнт үр тогтсон бол нөлөөлдөггүй (өөрөөр хэлбэл жирэмслэл таслагдахгүй) учиртай.