Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ.
Троллинг бүр өөрийн онцлог шинж чанартай, үйлдэх зорилго, шалтгаан нь ялгаатай байдаг бөгөөд хувь хүн, олон нийт, хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ онцлогтой. Троллингийг дурын хэн нэгэн ихэвчлэн “youtube”, блог, форум, и-мэйл, фэйсбүүк, твиттер, мэдээний сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр коммент бичих хэлбэрээр хийдэг байна.
Сүүлийн үед троллингийг улс төрийн хүрээнд ихээр хэрэглэж байна. Интернэт орчинд нийтлэл, хэлэлцүүлэгтэй холбоогүй зүйлийг бичих, санаатайгаар хэн нэгнийг өдөөн хатгах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Түүнчлэн улс орнуудын засгийн газар, бүлэглэл болон байгууллагууд өөрийн ашиг сонирхлын хүрээнд олон нийтийн санааг эргүүлэх, мэтгэлцүүлэх зорилгоор ашиглах болоод байна.
Харвардын Их Сургуульд хийсэн судалгаагаар БНХАУ-ын “wumao dang” буюу “50 центнам” гэх нэртэй коммент бичдэг хүмүүс Хятадын Коммунист намын үйл ажиллагааг дэмжиж жилд дунджаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд нийтэлдэг гэжээ. Тэд захиалгаар бүх нийтийн амралтын үеэр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс үндэсний уламжлал болон уур амьсгалыг зөөлрүүлэхэд чиглэсэн утга агуулга бүхий постуудыг нийтийн сүлжээнд бичдэг байна. Хятадын эрх баригчид “Глобал таймс” төрийн сэтгүүлд энэхүү үйл ажиллагааг болон цахим орчинд явуулж буй цензурийг өмгөөлж хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байдаг.
Вьетнам Улсад мөн ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүлэг хүмүүс байдаг бөгөөд Коммунист намын бодлогыг дэмжсэн яриа өгүүллийг цахимаар тарааж, комментууд нийтэлдэг байна. Вьетнамын Коммунист нам “олон нийтийн санаа бодлыг” чиглүүлэх зорилгоор 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сүлжээг ажиллуулдаг аж. Боловсрол, Үзэл суртлын газраас эрх баригчид хэдэн зуун хүн хөлсөлж “цахимаар дайсагнах хүчний” эсрэг арга хэмжээ авдаг тухай мэдээлжээ.
Израйль Улсын “Jewish Internet Defense Force” бүлэглэл нь олон нийтийн сүлжээ ашиглаж антисемитизм болон исламын терроризмыг дэмжиж сурталчилдаг фэйсбүүк групп, цахим хуудсуудын эсрэг кампанит ажиллагаа явуулдаг байна. Тус бүлэглэл нь “бие даасан, хүчирхийллээс ангид, тэмцэгч байгууллага” хэмээн өөрсдийгөө тодорхойлжээ.
Турк Улсад Ерөнхийлөгч Т.Эрдоганы суртал ухуулгыг түгээх, түүнийг шүүмжилсэн хүмүүс рүү дайралт хийх зорилгоор 6000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “AK Trolls” нэртэй бүлэглэлийг олон нийтийн хэрэгслээр коммент бичих чиглэлээр ажиллуулдаг байна. “AK Trolls”-ыг “Шударга ёс ба Хөгжлийн нам”-аас санхүүжүүлдэг бөгөөд тус бүлэглэл нь хуурамч мэдээ, мэдээлэл цахимаар тараах, олон нийтийн сүлжээнд хуурамч аккаунт нээх зэргээр ажилладаг аж.
ОХУ-ын “Агентство интернет-исследований” байгууллага нь 400 гаруй ажилтантай бөгөөд төв оффис нь Санкт-Петербург хотод байрладаг байна. Тус байгууллагын ажилтнуудад цахим хуудас, фэйсбүүк, твиттер зэрэг платформуудад бичих комментын болон байнгын ажиллуулж байх хуурамч аккаунтын тоог зааж өгсөн байдаг аж. Тус байгууллага нь В.Путиныг дэмжиж, түүний өрсөлдөгч нарын нэр хүндийг унагах, ОХУ-ын зүгээс Украин болон Ойрх Дорнодод явуулж буй гадаад бодлогыг дэмжсэн суртал ухуулгыг түгээх, үнэн худал мэдээлэл тараах замаар олон нийтийн сүлжээгээр мэтгэлцээн үүсгэдэг байна. Түүнчлэн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон хэмээн тус байгууллага буруутгагдаад байгаа.
АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр троллингийг ашиглажээ. Д.Трампын багийн зүгээс сошиал сүлжээг сурталчилгаанд идэвхтэй ашиглаж Х.Клинтоны нэр хүндийг унагах, Америкийн нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэврээх, цагаачдыг үзэн ядах, Б.Обамагийн засаг захиргааны бодлого явуургүй байсныг харуулсан зохиомол, эсвэл бодит баримтыг гуйвуулан тайлбарласан мэдээ мэдээллийг интернэтийн сайтууд болон фэйсбүүк, твиттерээр олноор тарааж, ард иргэдийг талцуулж байв. 2018 оны 2 дугаар сард АНУ-ын шүүхээс Оросын 13 иргэн, 3 байгууллагыг тэр дундаа “Агентство интернет-исследований”-г АНУ-ын улс төр, сонгуулийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг оролдсон хэргээр буруутгаж яллагдагчаар татсан байна. АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийн хэлснээр, ОХУ-ын зүгээс явуулж буй цахим суртал ухуулга нь зөвхөн фэйсбүүкээр л гэхэд нийт 126 сая хэрэглэгчдэд хүрсэн байна. Оросын троллууд АНУ-д идэвхтэй болж фэйсбүүкээр 2015-2017 оны хооронд нийт 129 арга хэмжээ /event/үүсгэн, зохион байгуулсан байна.
Фэйсбүүк компанийн удирдлагаас АНУ-ын Сенатын Тагнуулын хороонд танилцуулсан мэдээлэлд, Оросын троллуудын үүсгэсэн нэг арга хэмжээг 300 мянга гаруй хэрэглэгч үзэж, 62500 хэрэглэгч оролцоно, 25800 хүн оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ. Тэд АНУ-д халуун сэдэв болж буй сэдвүүдээр кампанит ажиллагаа өрнүүлж улмаар иргэдийг төр засгийн эсрэг турхирах, талцуулах зорилго агуулдаг хэмээн буруутгагдаж байна.
Монгол Улсад “троллинг” илэрч буй байдал:
Дээр дурдсан улс орнуудын жишээнээс харахад троллингийг аливаа эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн санаа бодлыг тайвшруулах, террорист бүлэглэлийн эсрэг суртал ухуулга хийх гэх мэт эерэг зорилгоор ашиглахаас гадна улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг худал мэдээлэл тараах, нийгэмд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор мөн ашиглаж байна.
Манай улсын хувьд олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, нийгмийн уур амьсгалыг удирдан залах нөхцөл бүрэлдсэн болох нь холбогдох судалгаанаас харагдаж байна.
Далд санаа зорилго агуулсан аливаа этгээдүүд нь нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад дөрөөлөн бухимдсан ард иргэдийг талцуулах, улмаар улс төрийн тогтворгүй байдал үүсгэн өөрсдийн хувийн ашиг сонирхолдоо нийцсэн нөхцөл байдал үүсгэхийг зорьдог.
Тухайлбал, 2017 оны байдлаар манай улсын цахим орчны хэрэглээ 2,6 саяд хүрсэн байхад “Натхауз Крейтив” сошиал медиа маркетинг агентлагийн гаргасан судалгааны дагуу фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1,7 сая байсан бол 2018 оны 2 дугаар сарын байдлаар 2,1 саяд хүрчээ. Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн 66 хувь нь 18-34 насныхан байна. Мөн 2018 оны 2 дугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувийг эмэгтэй, 48 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс харахад цахим орчноор түүн дотроо фэйсбүүкээр дамжуулан нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуучуудад чиглэсэн аливаа нөлөөллийн ажлыг хийж болох боломж бүрдсэн болох нь харагдаж байгаа бөгөөд энэ ч сүүлийн үед гарсан хэд хэдэн тохиолдлоор батлагдаж байна.
Жишээлбэл, Фэйсбүүкийн “оффшор!!!” групп 294000, “Утааны эсрэг ээж аавууд” групп 158000 гишүүнтэй бол “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын албан ёсны групп” 7 хоногийн дотор 414000 гишүүнтэй болжээ. Эдгээр группэд нэгдэгсдийн дийлэнх нь 18-34 насныхан байгаа юм. Цахим хуудсанд зураг оруулах, пост бичихэд хэдэн зуугаас хэдэн мянга, хэдэн арван мянган лайк цуглардаг байна. “Дахин тэвчихгүй хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал”-д оролцсон иргэдийн гарын үсгийн тоо 15590-д хүрсэн нь нийгэмд хөндөгдөж буй халуун сэдвээр олон нийтийн сүлжээгээр бүх нийгтийг хамарсан аливаа арга хэмжээнд уриалахад ихээхэн үр дүнтэй болохыг харуулж байна. Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд хүргэх эрсдэлтэй юм.
Фэйсбүүк, Твиттер зэрэг томоохон олон нийтийн сүлжээний цахим хуудсууд Арабын хавар, Украины хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үзсэн байдаг. Эдгээр хувьсгалын үед ардчилал, шударга ёсыг шаардсан уриа, үзэл санаа, бухимдал болон жагсаалын талаар мэдээллүүд цахим сүлжээгээр хурдтайгаар тархаж байсан. 2010 оны 12 дугаар сард Тунист эхэлсэн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 2011 оны 1 дүгээр сар гэхэд Египет, Ливи зэрэг зэргэлдээ орнууд руу тархсан. Украин Улсад болсон 2004 оны улбар шар хувьсгальд интернетийг түлхүү ашиглах болсон гол шалтгаан нь оролцогчдын дийлэнхи 30 ба түүнээс доош насныхан байсантай холбоотой байдаг. 2014 оны Украйнд болсон жагсаал цуглааны үеэр украинчуудын 49 хувь нь фэйсбүүк, 35 хувь нь ВКонтакте, 51 хувь нь цахим мэдээний сайтаар жагсаал, цуглааны талаар мэдээ мэдээлэл авч байсан хэмээжээ.
Далд санаа зорилго агуулсан аливаа этгээдүүд нь ард иргэдийн эх орон, үр хүүхэд, гэр бүлээ гэсэн сэтгэл, амьжиргааны тогтворгүй байдал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад дөрөөлөн бухимдсан ард иргэдийг талцуулах, улмаар улс төрийн тогтворгүй байдал үүсгэн өөрсдийн хувийн ашиг сонирхолдоо нийцсэн нөхцөл байдал үүсгэхийг зорьдог.
Энэ нь цаашлаад нийгэмд хавтгайрсан үл итгэлцлийг бий болгож, үнэн худлын ялгаа арилж, бодит мэдлэг, мэдээлэлгүй, хаашаа нь ч жолоодож болох их массыг бий болгох эрсдэлтэй байна.
Иймд цаашид улам бүр нэмэгдэх цахим хэрэглээ, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх эрсдэл нэгэнт бодит зүйл болсныг харгалзан, ард иргэдийн зүгээс энэхүү аюулын хор хөнөөлөөс ангид, өртөхгүй байх тал дээр анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.