Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж буй АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв хэлэлцээр нь үр дүнгүй байвал уулзалтыг орхино гэдгээ мэдэгджээ.
Хамтарсан хэвлэлийн бага хурал дээр ноён Трамп болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар Умардыг цөмийн зэвсгээс нь салгахын тулд ихээхэн шахалт үзүүлэхээр төлөвлөснөө зарласан байна. Ноён Абэ нь Флорида дахь ерөнхийлөгчийн Мар-а-Лаго амралтын газарт уулзаж байгаа юм.
Үүний өмнө Тагнуулын төв газрын дарга Майк Помпёо Умард Солонгос руу нууц айлчлал хийж, удирдагч Кимтэй уулзсаныг ноён Трамп хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр ноён Помпёо нь Пхеньянтай сайн харилцаатай байж чадсан, уулзалт маш таатай, зөөлөн уур амьсгалтай болсон гэжээ. Энэхүү айлчлал нь 2000 оноос хойш АНУ болон Умард Солонгос хоёрын хооронд хамгийн дээд түвшний холбоо тогтоосон явдал болж байгаа юм.
Хоёр орны удирдагч нар ирэх зургадугаар сард уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзах байршлыг судалж байгаа билээ. Үүнээс өмнө буюу ирэх долоо хоногт хоёр Солонгосын тэргүүнүүд уулзах юм.
Б.Болормаа