Энэ хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ОХУ-аас 5 сортын 8060 тонн элит, 1-р репродукцийн үрийг хүлээн авч, нийтдээ 32,9 мянган тонн буудайн үрээр 210 мянган га талбайг хангахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор ХХААХҮЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу ОХУ-аас 3 сортын 4200 тонн элит үр худалдан авах гэрээ хийсэн бөгөөд 1000 тонн элит үр хүлээн аваад байна.
Өнөөдрийн байдлаар тус сангаас элит, 1-р репродукцийн нийт 2244 тонн үрийг 55 аж ахуй нэгжид гэрээ байгуулан олголоо. Тухайлбал, “Шим” ХХК-д ОХУ-ын хоёр сортын 1725 тн элит үрийг Хөтөл салбар гэрээний дагуу бүрэн нийлүүлсэн байна. Мөн “Милл Хаус” ХХК нь ОХУ-аас нэг сортын 1-р репродукцын 2135 тн буудайн үр нийлүүлэх гэрээ хийснээс одоогоор Сэлэнгэ салбарт 1582 тн үр нийлүүлжээ.
Түүнчлэн 1375 ААН, иргэнд 3500 тонн шатахууны дэмжлэгийг 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр олгоно.