БНХАУ-ын Наньжин хотноо энэ амралтын өдрүүдэд Фиба 3х3 дэлхийн гранпри цуврал тэмцээн болж эх орноо төлөөлөн 3х3 мэргэжлийн лигт Улаанбаатар болон Ховд багууд оролцсон юм. Тэмцээний “Б” хэсэгт багт Ховд баг хэсгийн эхний тоглолтондоо Японы Тама Централ багийг 18:14-аар хожсон бол Словений Пиран багт 22:12-аар дийлдэж хэсгээс 2-р байраар шалгарсан. Харин тус гранпри тэмцээний чансаанд 4-т эрэмбэтэй манай Улаанбаатар баг хэсгийн 2 тоглолтондоо Сербийн Раска болон Хорватын Сплит багуудыг буулган авч хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд манай 2 баг хоорондоо таарч Улаанбаатар баг 22-18-аар хожиж шилдэг 4-т шалгарч үлдсэн бол Ховд баг тус гранпри тэмцээнд 7-р байранд шалгарсан юм.
Харин Улаанбаатар баг хагас шигшээгийн тоглолтонд Сербийн алдарт Нови сад багийг шөвгийн наймд буулган аваад байсан ОХУ Москва багт 22-18-аар хожигдож улмаар хожлын чансаагаараа манай Улаанбаатар баг 3-р байранд шалгарч 3 мянган долларын шагналыг хүртлээ. Мөн Улаанбаатар баг тус гранпри тэмцээний 3-р байранд шалгарсан амжилтаараа ирэх 09 сарын 29-30-ны хооронд БНХАУ-д болох ФИБА 3х3 Ченгду дэлхийн их дуулгын тэмцээнд орох эрхээ авсан юм. 3х3 манай үндэсний баг тамирчдыг ирэх амралтын өдрүүдэд БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.