“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Захирагчийн ажлын албаны Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэгээр удирдуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн 1-5 дугаар хороонд энэ сарын 19-ний өдөр ажиллаж дүүрэг, хорооноос аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь очиж танилцан аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавин, зөвлөмж өгч ажиллав. Иргэд аяны хүрээнд хөршийн холбоогоо сайжруулж өөрсдийн санаачлагаар амьдарч буй орчныхоо тохижилт, ногоон байгууламжид анхаарч мод тарих, угааж цэвэрлэх, будаж янзлах болон хашаандаа хогийн цэг байгуулах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар онцолсон юм.
Мөн ажлын хэсгийн дөрөвдүгээр сарын 11-нд хийсэн хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Санто апартментийн барилгын талбайд илэрсэн зөрчлийг нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хандсаны дагуу тус газраас шаардах хуудсыг ашиглалтын албаны инженер Л.Дагвабалжирт хүлээлгэн өгчээ. Барилгын хогондоо дарагдсан, тойруулж барьсан хашаа нь салхинд нурж унадаг, нийтийн эзэмшлийн зам талбайруу хашаагаа тэлж барин иргэдийг явган зорчих замгүй болгож аюултай байдал үүссэн зэрэг асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр барилга угсралт, үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг шаардсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.