\”Жигүүр гранд”, \”Блю скай”, \”Буянт тэл”, \”АО Жаргалант”, \”Тюр хаус” зэрэг
зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим
хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол
учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн
холбооноос мэдэгдлээ.
Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа
эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчит цахилгааны хүчдэлийг Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэлгүй шууд оршин суугчдынхаа эрчим
хүчний хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авдаг байж. Үүнээс
болоод 17500 орчим өрх илүү мөнгө төлж, хохирчээ.
Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний тарифаар үйлдвэр, аж ахуйн
байгууллага 1 кВт/ц эрчим хүч 128.50 төгрөг. Харин ахуйн хэрэглэгч 1 кВт/ц
эрчим хүч 98.40 төгрөг байна. Нэг өрх сард 150 кВт/ц эрчим хүч хэрэглэсэн гэж
үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14 мянга 760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн
тарифаар 19 мянга 275 төгрөг болно.
Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү, жилээр буюу 12 сараар тооцвол
54 мянга 180 төгрөг болно. Үүнийг 17 мянга 500 өрхөөр тооцвол нэг жилд 948 сая
150 мянган төгрөгийг дээрх нэр бүхийн барилгын компаниуд хууль бусаар авч
хэрэглэгчдийг хохироосон гэж Монголын
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос үзэж
байна.
Өөрөөр хэлбэл иргэд өрхийн хэрэглээгээр эрчим хүчээ ашиглачхаад, хэрэглэсэн
хэрэглээнээсээ илүүгээр төлбөрөө тооцож төлж хохироод байгаа юм. Энэ нь эрчим
хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус
тус зөрчсөн үйлдэл болж байна.
Шар хүү