Өнөөдөр болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарын цагаар 8:30 цагт Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын Өмнөдийн газар шороонд хөл тавьснаар эхэллээ. Тэрээр 65 жилийн дараа анх удаа Өмнөд Солонгост зочилж буй Пхеньяны удирдагч болж байна.
Хоёр удирдагч эхлээд хилийн шугамны хоёр талаас мэндчилж, гар барилцсан бөгөөд үүний дараа Ким Чен Ын хилийн дээсэн дээгүүр алхаж Өмнөд Солонгосын нутагт хөл тавин дараа нь хамдаа зургаа авхуулцгаав. Харин үүний дараа Ким Чен Ын-ы гэнэтийн санаачилгаар Мүн Жэ Ин тэр хоёр буцаж Умард Солонгосын газар нутагт хөл тавьцгаажээ. Удалгүй дахин хоёул хил давж Өмнөдийн газарт гишгэснээр ажиллагаа цааш үргэлжлэв. Ийнхүү хоёр Солонгосын удирдагч хэдхэн секундын дотор харилцан бие биеийн газар нутагт айлчилсан байна.