Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн бямба гарагт Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Чен Ын-д захидал илгээлээ.
Захидалд:
Умард, Өмнөд Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён дарга Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Умард, Өмнөд Солонгос, түүний дотор БНАСАУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.
Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.
Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчдын бат бэх үндэс суурийг нь тавьсан 70 жилийн түүхтэй манай хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Умард, Өмнөд Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
Эрхэмсэг ноён дарга Танд ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоох, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгт түүхэн шинэ хуудсыг нээх эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.
Эрхэмсэг ноён дарга Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.