Үхрийн нүд (лат. Blackcurrant) — Тошлойн овгийн ургамлын төрөл юм. Төрөл дотроо 150 гаруй зүйл байдаг бөгөөд эдгээр жимснүүдийн хамгийн их ач холбогдолтой нь үхрийн нүд юм.
Үхрийн нүд нь 1-2 м өндөр, бут хэлбэрийн сөөгт ургамал. V-VI дугаар сард цэцэглэж VII, VIII дугаар сард жимс нь боловсорно. Гүйцэд боловсорсон үхрийн нүд хүрэн, хар хүрэн өнгөтэй, шүүслэг чихэрлэг, содон сайхан үнэртэй, амтлаг жимс бөгөөд А. В. С. Р витамин, чихэрлэг бодис, органик хүчил агуулна. Жимсийг гараар түүхэд хялбар, түүгээр чанамал шүүс, ундаа чихрийн чөмөг, дарс
хийхэд тохиромжтой. Жимсийг нь шүүс /сок/ болгон ашиглах ба хатааж /хэтэрхий хатаавал шим тэжээлээ алдаж болно/ хэрэглэнэ. Навч нь амин дэмээр баялаг. /С амин дэмийн агуулгаараа бусад жимсийг тэргүүлдэг/ Мөн үхрийн нүд жимсийг чийг, бамын / цинг/ болон “С” амин дэмийн дутмагшил өвчний эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Шинэ жимсний шүүс /сок/-ийг ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хүчил багадалттай гастритын үед ууж хэрэглэдэг. Мөн хоолой сөөх, хий ханиалгаж байгаа үед зөгийн балтай хольж хэрэглэхэд онцгой үр дүн өгнө. Навчных нь усан хандыг /1:10/ хавагнах, шээс хаагдах, томуу, томуу төст болон хүүхдийн түүхийрэх өвчний үед хэрэглэнэ. Навчны ханд нь бие организмээс шээсний илүүдэл хүчил, пурины бодисыг хөөх үйлчилгээтэй байдаг учир үе мөч өвдөх, шээсний сүв, бөөр чулуужих өвчинд нэн сайн.