Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан бөгөөд 38 худалдааны төв, 11 соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43 зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж, 36 гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 14 мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Мөн олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.