Ноён Уулаас илэрсэн Хүннүгийн булш буюу Монголын ариун голомт
Доржсүрэнгийн Цэнгэлмаа хэмээх бүсгүй өөрийнхөө нүүр номонд ийнхүү бичжээ. Тэрбээр Ноён ууланд нутагладаг аавын охин ажээ.
\”Ерөнхий сайд Сайханбилэг та өөрийн аавыг тайван байлгахыг хүсэв үү? Тэгвэл миний аавыг, миний аавтай адил олон мянган Монгол аавыг тайван байлгаад өг!!! Гацууртын орд байрлаж буй тэр газарт, аавын минь, өвөөгийн минь, өвөө аавын минь нутагладаг зуслан байсан юм. Яагаад байсан гэж үү? Одоо байхаа больсон болохоор хэлж байна. Гацууртын ам бол мөнх ногоон гацуур шигүү сагсайн ургасан үлгэрийн орон шиг ногоон ам байсан. Гацууртын гол нь урсч, хүн мал нь ундаалан жаргадаг байсан. Аав минь төрсөн буурин дээрээ очиход юу угтав? \”Гацуурыг нь хядаж, Гацууртын голыг хүнцэлд хордуулж аман дээр нь боожээ. Хөндөхөөс айж, хөл нүцгэн тойрон гүйдэг байсан бүлш бунхан, хиригсүүрүүд хааш одсон нь мэдэгдэхгүй алга болж, Гацууртын ам үлгэрийн орон байснаа улаан там болон хувирсан байна. Би жинхэнэ энэ нутгийн хүүхэд, зурамных нь нүхэнд ус цутгаж, хиригсүүрийн чулуу хөндөв гэж аавдаа үглүүлж, дэггүй өссөн дөө гэж аав минь ярьлаа. Тоглодог байсан газрын хавьд байсан хиригсүүрийг чухам яагаа бол гэж бодлогоширно. Нээрээ яагаа бол? Өвгөдийн минь шарилыг хааш нь зөөгөө бол, одоо нэмж хааш нь зөөх гээ бол? Сайханбилэг таны аав дарга даамал явсан л юм байгаа биз. Харин миний аав тэр нэгдэл нийгэмчлэлийн үед, 800 гаруй адуу маллаж, өдөр шөнөгүй, өвөл зунгүй халуунд халж, хүйтэнд хөрж, шөнө нойргүй, өдөр хоолгүй зүтгэж явжээ. Малын зах мэдэхгүй хүн бол ямар хүнд хөдөлмөр болохыг ойлгохгүй л байх. Гэвч дарга даамлаас илүү ажилчин малчид нь нийгмийг авч явж байх үед жинхэнэ эд эс нь болж яваад, одоо гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Миний сайхан аавыг тайван байлгаад өг!
Өнгөн хөрсийг нь хуулахад тийм болсон Гацууртын ам, цаашид үндсэн ордыг ухвал гол ус ширгэж, Хараагийн хөндий тэр чигтээ улаан там болох хэрэг үү? Та үүнийг хүсээ юу? Жилдээ ганц удаа ч болов Ноён хайрхандаа гарч, овоонд нь залбирахад л жилээ даадаг юм гэж аав минь ярьдаг. Сүүлд аавтайгаа хамт Ноён уулынхаа Ноён, Хатан оргилыг үзэхээр очиход Ноён оргилыг тойруулан шанагаар ухан, хил татаж, мориор очих аргагүй болгосон байсан. Тэгсэн хэрнээ Ноён уулыг хэвээр нь үлдээж, ганцхан амыг ухна гэж бусдыг мунхруулахаа болиоч ээ!
Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар аа! Аав нарыгаа тайван байлгахыг хүсдэг юм бол төрсөн нутгийнхаа төлөө санаа зовж буй миний аавыг, түүнтэй адил олон аав нарыг тайван байлгаад өг!!!\” гэжээ.