Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм.
Долоон жилийн хугацаанд 10 сая гаруй мод тарьснаас 7 сая гаруй нь ургасан байдаг гэв
Энэхүү Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн өргөө амаржихын хашаанд эмнэлгийн ажилчдын хамт мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гарснаас хойш долоон жилийн хугацаанд 10 сая гаруй мод тарьснаас 7 сая гаруй нь ургасан байдаг талаар дурдаад бүх нийтээрээ мод тарих нь зөв ч мод суулгах, тарихдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах, мод тарьсны дараа арчилгаа, ургалтад маш сайн анхаарах ёстой талаар ярьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон эмнэлгийн ажилчдад өмнийн говьд 150 мянга гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж есөн га талбайг ойжуулж, усжуулсан Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бараадууз мод тарих, цаашид хэрхэн арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм.
Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрсэн байдаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мод тарьсны дараа Нийслэлийн өргөө амаржихын үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарахын зэрэгцээ хүчилтөрөгч илүү шаардлагатай байдаг эмнэлэг, эмнэлэг орчмоор мод тарих асуудалд онцгой анхаарч байгаад талархаад, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан юм. Түүний танилцуулгад дурдагдсанаар Нийслэлийн өргөө амаржихад төрөх өрөө хангалтгүйгээс гадна төрөх өрөөний тохижилтийг сайжруулах шаардлагатай байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ өөрөө Нэгдүгээр төрөх эмнэлэгт мэндэлж байсан талаараа хэлж, эмнэлгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг цаашдын үйл ажиллагаатайгаа уялдуулан анхаарч ажиллахаа хэлсэн юм.