“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг-3” шоу нэвтрүүлгийн дөрөв дэх дугаар өчигдөр сюрприз дүүрэн байлаа. Тухайлбал, өмнөх улирлын дугааруудад хоёр оролцогч тэнцэж байсан удаа нэг ч тохиолдож байгаагүй бол энэ дугаарт гурван оролцогч 34 оноогоор тэнцсэн сонирхолтой явдал болсон юм. Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа нар базераар сонгогдсон дүрээ “Яг түүн шиг” гаргаж чадсан учир ийнхүү маш ширүүн өрсөлдөж, тэнцэв.
Ингээд хайнцсан оноог хагалах хэцүүхэн даалгавар шүүгч нарт оногдож, тэд нэг минутын хугацаанд хэлэлцээд энэ дугаарын ялагчаар Г.Сүндэрмааг зарлалаа. Ялагч болсон Г.Сүндэрмаа баярын нулимс дуслуулан байж хэлсэн үгэндээ “Би өөрийгөө хэзээ ч ялагч болно гэж бодоогүй” гэсэн юм.
Ингээд Г.Сүндэрмаа хэрхэн “Яг түүн шиг” хувирсныг жишин сонирхуулъя.
Түүний энэ удаагийн базераар сонгосон дуучин бол олонд тийм ч сайн танигдаагүй хүн байсан гэж хэлж болох юм. Учир нь LP нь өөрөө дуулахаас илүүтэй бидний хэдийнэ танил болсон олон алдартай дуучдад дуугаа өгч дуулуулдаг нэгэн аж. Харин нэг удаа “яг түүн шиг”-т дуулагдсан энэхүү “Lost on you” дуугаа тодорхой шалтгааны улмаас өөрөө дуулжээ. Ингэхдээ тэрээр хэсэг нөхдийн хамт анх удаа өөрөө дуугаа дуулахдаа энгийн камераар зүгээр л бичлэг хийсэн байсан нь ийнхүү түүнийг гайхамшигтай дуучин болохыг илчилж, олонд таниулж өгсөн байдаг гэнэ. Энэ тухай мэдээж шүүгч Г.Ганхүү үзэгчдэд сонирхуулан ярьж өгсөн юм.