Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газарт иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, мал маллаж байсан 13 настай О /эрэгтэй/ малд яваад сураггүй болсон тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэрээр энэ айлд 3 жил мал маллаж байгаа бөгөөд энэ сарын 21-ний өдрөөс сураггүй болж, энэ тухай дуудлага 22-ны орой ирсний дагуу эрлийн ажлыг эхлүүлсэн байдаг. Эрэн хайх ажиллагааг “Зараа толгой” гэдэг газраас “Хараа” голын эрэг дагуу “Загдал” гэдэг газар хүртэл нийт 80 км газарт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй юм.
Гэтэл энэ сарын 29-ний өдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас О-г “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-нд энэ сарын 23-ны өдөр ирж хамгаалалт, үйлчилгээнд хамрагдаж байгааг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Тиймээс эрэн хайх ажиллагааг зогсоожээ.