Ясны хорт хавдартай О.Даваад туслах “Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн талаар өнөөдөр түүний ар гэрийнхэн болон Монголын гэрэл зурагчдын холбооны удирдлагууд, сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар мэдээлэл хийв. Эдүгээ 22 настай О.Даваагийн хөл жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөгөөд Хавдар судлалын үндэсний төвөөс ясны хорт хавдартай хэмээн оношилсон байна. Түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд нийт 40 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж.
О.Даваагийн ээж Д.Оролмаа “Бид гадаадын хэд хэдэн эмнэлэг рүү шинжилгээний хариуг явуулж эмчилгээний талаар тодруулсан. Үүнээс БНСУ-д хүүгийн минь хөлийг тайрахгүйгээр эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Тус улсад зорчих визний материалаа бүрдүүлж өгөөд хариугаа хүлээж байна. Өрх толгойлсон ээжийн хувьд ард түмнээсээ хүүд маань туслахыг чин сэтгэлээсээ гуйж байна” гэв.
Хандивыг ХААН банкин дахь 5013149430 тоот дансанд хүлээн авах бөгөөд туслахыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүд 99924054 /ээж Д.Оролмаа/ дугаарын утсаар холбогдох боломжтой ажээ. Мөн үер сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн уг аяны тухай мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс хүсэв.