Ирэх долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын нарын уулзалтыг дэлхийн хамгийн шилдэг дайчид гэгддэг Балбын Гуркхи овгийн цэргүүд хамгаалахаар болжээ. Хоёр удирдагч тус тусын хувийн хамгаалалттайгаа Сингапурт ирэх боловч уулзалтын ерөнхий хамгаалалтыг Сингапурын цагдаагийн тусгай ангийн Гуркхи тасаг хариуцахаар болсон байна. Сингапурын Засгийн газрын Балба улсаас шилж авсан Гуркхи дайчид хамгийн орчин үеийн зэвсгээр өвч тоноглогдсоноос гадна өөрийн уламжлалт зэвсэг болох гукри нэртэй тахир хутгаа зүүх юм байна.
Сингапурын цагдаагийн ангид нийт 1,800 гүрха алба хаадаг гэсэн мэдээлэл байдаг бөгөөд тэднийг голдуу ВИП хамгаалалт, олон улсын онцгой чухал үйл явдлуудад ашиглахаас гадна дотоодын бослого тэмцлийг дарахад ашиглах зорилготой байдаг ажээ. Их Британий колонийн үед Гуркхи дайчдыг ашигладаг байсан уламжлалыг хуучин колони орнууд өнөөг хүртэл хэрэгжүүлдэг бөгөөд тэд Их Британиас гадна Энэтхэг, Балба, Бруней, Сингапур улсуудын цагдаа, зэвсэгт хүчинд алба хаадаг юм байна.