НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах” , ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцлээ. Хөтөлбөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжих бөгөөд БХБЯ, БОАЖЯ, ЭМЯ, УСУГ, НОБГ, НМХГ, НГА, дүүргүүдийн ЗДТГ, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг ОУ-ын байгууллагууд оролцогч тал болон ажиллах юм байна. Хөтөлбөрөөр ус хангамжийг эх үүсвэрээс нь дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоноглолоор дамжуулан хэрэглэгчдэд усыг хүргэх болон хэрэглэсэн бохир усыг шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэршүүлж байгальд нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь ихээхэн химийн бохирдолтой ус хүлээн авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох, гэр хорооллын айл өрхийн 216 мянга орчим нүхэн жорлон, гудамжинд ил задгай асгах угаадас нь агаар хөрсний бохирдлыг ихэсгэж, үерийн усаар дамжин Туул голд нийлж бохирдуулдаг. Үүний улмаас голын сав дагуу байрлах гүний худгуудад сөргөөр нөлөөлөх хандлага байгаа нь олон жилийн туршид хийсэн судалгаа шинжилгээнээс харагдаж байна. Тиймээс ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх, онцгой байдал, гамшгийн үед хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхой болгох, гадаргын болон газрын доорхи усны чанарт хийх шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүнд тавих хяналтыг өндөржүүлэх , Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон урьдчилан цэвэрлэх байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламжуудын ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын бохир усыг татан зайлуулахад гарах эрсдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү хөтөлбөрийн талаар зарим зүйлийг тодруулж саналаа хэллээ. Тэр дундаа усны аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулахын тулд дэлхийн стандартын дагуу Төв цэвэрлэх байгууламжтай болохыг санал болголоо.
Мөн арьс ширний үйлдвэр, машин угаалгын газар, “Харгиа” цэвэрлэх байгууламж гэх мэт хүчин зүйлс дээр авах арга хэмжээг тодорхой болгох гарцын талаар хэлэлцсэн юм. Тэргүүлэгчид хөтөлбөрийн төслийг дэмжиж 6-р сард НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
НИТХ-ын ХМОНХТ