“WhatsApp” сүлжээгээр хүүхэд хулгайлсан хэмээн тархсан цуурхалд итгэсэн иргэд хоёр эрэгтэй хүний амийг хөнөөжээ. Уг хэрэгт гар бие оролцсон 16 хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Тэдгээр залуус зүүн хойд нутагт байрлах Ассам мужид явж байхдаа зогсож зам асуусан бөгөөд дараа нь бүлэг иргэдийн гарт амь үрэгдсэн аж.
Сүүлийн үед тус улсад “WhatsApp” сүлжээгээр дамжин хүүхдийн хулгайн тухай цуурхлууд газар авч, зөвхөн өнгөрсөн сард энэ хэрэгт холбогдуулан долоон хүний амийг бүрэлгэжээ. Энэ мэтчилэн олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллүүдийг хүчингүй болгож батлахад үнэхээр хүндрэлтэй байгаа тухай цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна.
Харин сүүлийн хоёр хохирогчийн нэг нь дуу бичлэгийн инженер Нилотпал Дас, нөгөө нь дижитал уран бүтээлч Абижий Нат нар байжээ. Тэд хоёулаа Ассамын хамгийн том хот болох Гувахатигийн оршин суугчид байсан гэнэ.
Тэд тосгонд явж байхдаа зогсож нутгийн иргэдээс зүг чиг асуусан байна. Гэвч оршин суугчид тэднийг “WhatsApp” сүлжээгээр анхааруулж байсан хүүхдийн хулгайчидтай андууран бүлэглэж зодсоны улмаас ийнхүү аминд нь хүрчээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд тархсан уг халдлагын дүрс бичлэгт хохирогчдын нэг нь амь гуйж байгаа нь гардаг аж. Харин Ням гаригт Гувахатигийн гудамжнаа сүүлийн үед өрнөөд буй аллага хүчирхийллийг эсэргүүцсэн оюутан залуус, идэвхтэнүүд жагсаал зохион байгуулсан байна.
Б.Болормаа