АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй гэж мэдэгдлээ. Тэрээр “Бид Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахыг шаардах болно, Зөвхөн тэгсний дараа л хориг арга хэмжээгээ цуцлана” гэж Сеул хотноо болсон Өмнөд Солонгос, Япон улсын хамтарсан уулзалтын үеэр ингэж мэдэгджээ. Түүний хэлснээр Ким Чен Ын цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзах ёстой гэдгийг маш сайн ойлгосон учир үүнийг түргэн гүйцэтгэх ёстой гэж Вашингтон үзэж байгаа аж. Энэ сарын 12-нд Сингапур улсад АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд энэ үеэр Умард Солонгосын тал цөмийн зэвсгээсээ хурдан хугацаанд татгалзана гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Гэхдээ уг баримт бичигт яг ямар асуудал тусгагдсан болох нь одоогоор тодорхойгүй байгаа нь шүүмжлэгчдийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм байна.