Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн 2 настай охин У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон. Энэ талаарх мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 8-ны өдрийн 20:36 цагт өгчээ. Дуудлага мэдээллийн дагуу онцгойгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Хүүхдийн төлөө газрынхан, нутгийн иргэд эрлийн ажиллагааг зохион байгуулж байв.
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар мөн дээрх байгууллагын алба хаагчид, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагынхны хамтаар, нийт 37 хүн “Яхь” нуур, “Баянхошуу”, “Хайлан” гэдэг газруудад 5 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 19:00 цагт эрлийг зогсоосон байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан эрэг багт 34 настай иргэн А энэ сарын 8-ны өдрийн 18:00 цагт гэрээс гараад сураггүй болжээ. Тус аймгийн Цагдаагийн газраас “Ховд” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг Онцгой байдлын газарт 13-ны өдрийн 08:30 цагт өгсөн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тухайн өдрийн 09:40 цагаас тус сумын Их булан багийн “Их булан” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бугын гол” гэдэг газар хүртэл нийт 12 км “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Түүнчлэн иргэн А-г Ховд голын ойролцоо явж байсныг харсан хүн байхгүй, голын эргээс хувцас, эд зүйл, бусад ул мөр олдоогүй зэргийг үндэслэн тус аймаг дах Цагдаагийн газартай зөвшилцөж 14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоожээ.