Өмнөд Солонгосын Засгийн газар энэ ондоо багтаан 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайныг албан ёсоор дуусгах зорилт тавьж байна хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва өнөөдөр мэдэгдсэнийг Рёнхап агентлаг дамжууллаа. Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй байгаа бөгөөд одоогоор хоёр тал зөвхөн гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа юм. Өмнө нь Умард Солонгосын зүгээс Солонгосын дайныг албан ёсоор дуусгах санаачлагуудыг гаргаж, АНУ-д уг саналыг тавьж байсан боловч Вашинтоны зүгээс үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ сарын 12-нд Сингапурт болсон АНУ Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг хүлээн авч хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин-ийг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хоёр Солонгосын харилцаа богино хугацаанд сайжирч, зөвхөн энэ онд л гэхэд хоёр тал Панмунжом дах цэрэггүй бүсэд хоёр удаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ.