Эсэн бол Чингис хааны гавьяат өрлөг Урианхадын Зэлмийн есдүгээр үеийн ач, ойрадын Чорос овгийн хүн бөгөөд эцэг нь Ойрадын Батула чинсангийн хүү Тогоон юм. Тэрбээр 1407 онд төрсөн бөгөөд ухаалаг самбаатай, эрэлхэг зоригтой эр болон өсөж байсан тул эцэг нь хүүгээ ихэд хайрлан, ажил үйлсдээ туслуулан, авьяас билгийг нь хөгжүүлдэг байжээ. Зүүн Монгол болон Баруун Монгол буюу ойрад нь нэгэн улсын хоёр хэсэг тул түүхийн ихэнх хугацаанд нэгдэлтэй байсан боловч гадаад дотоод учир шалтгааны улмаас, үе үе хоорондоо муудалцаж дайсагнах явдал цөөнгүй гарч байв. Чухам ийм үеийг Эсэнгийн өвөг дээдэс туулж ирсэн байна. Тогоон тайш 1439 онд нас барахынхаа өмнө хүү Эсэндээ хандан “Би нэг насаараа цэрэг дайвд явж, өшөөтөн дайсныг устгаж, чиний ирээдүйн зам дахь саадыг цэвэрлэв. Одоо гагцхүү нэг л хүнийг арилгаж чадаагүй. Энэ бол Аруггайн дүү Мөнхбай мөн. Хожмын өдөр чи түүний толгойгоор миний сүнсийг тахитугай” гэж гэрээсэлсэн байна. Энэ нь нийт монголыг нэгтгэн захирах тэмцлээ дуусгаагүй, эсрэг этгээдтэй эвлэрэшгүй тэмцэхийг шадар туслагч хүү Эсэндээ даалгасан хэрэг байв. Тэр үед Монголжин Урианхайгаас бусад монгол аймгуудыг Тогоон тайш Тайсун хааны захиргаан дор бараг нэгггэсэн байв.
Тайсун хаан Тогоон тайшийн гэрээсээр Эсэнг Монгол улсын тайшийн тушаалд томилж, цэргийн хэргийг эрхлүүлэв. Энэ үед Мин улс Урианхайн монгол ноёдуудыг цол хэргэм, бэлэг сэлтээр өөртөө татан, Монголын нэгдсэн төрийн бодлогыг эсэргүүцэх, тагнуулах зэрэг бусармаг арга хэрэглэх болжээ. Ийм хандлагыг Эсэн тайш тухай бүр зэвсгийн хүчээр дарж байв. Энэ үед Зүрчид аймгуудыг эрхшээлдээ байлгахын тулд Эсэн тайш эвээр оролдохын сацуу шууд эсэргүүцэгчдийг 1444 онд Онниуд аймшйн ноён Жүчтэй хавсран цохиж, зүрчидүүдийг Монгол улсад нэгтгэн хааны захиргаанд оруулсан байна. Байдлыг хөндлөнгөөс нухацтай ажилан харж байсан Мин улс Монголтой харилцах талаар тогтоосон хязгаарлалт хориг цааз нь үр дүнд хүрэхгүй болохоор худалдаа арилжаа хийхэд элдэв саад тотгор учруулж, заль булхай гаргах болсон тул Мин улстай байдцахаар бэлтгэж эхэлжээ.
Монголын Тайсун хаан Эсэн тайш нарын анхаарлыг татсан бас нэгэн чухал газар бол одоогийн хятадын Ганьсу мужид байсан Шачжоу байв. Мин улс энэ нутгийн монголчуудыг хятад руу нүүлгэх зэргээр эзэмшиж эхэлж байхад Монголын хаан, тайш нар 1444 онд хүн томилон очуулж, тэдний эрх баригчдад монгол албан тушаал цол хэргэм олгож, Шачжоу Хандун Чигин монголын газрыг Ганьсу муж болгон монгол төрийн захиргаанд оруулжээ. Монголчууд Мин улсаас зэр зэвсэг авах сонирхолтой, гэтэл үүнийг хятадууд албан ёсоор хориглож байсан боловч хятадын цэрэг, иргэн хэн ч гэсэн монгол сайн морьтой байхыг хүсдэгийг харгалзан Эсэн тайш хятадын зах хязгаарын нутгийн цэрэг ардад адуу нийлүүлж, оронд нь тариалангийн бүгээгдэхүүнээс гадна нууцаар зэвсэг авах ажлыг зохион байгуулжээ. Тэгэхэд Мин улсын хилийн цэрэг албанаас тарааж өгсөн нум сум, хуяг дуулга, жад сэлэм зэрэг зэр зэвсгээрээ морь сольж авдаг болов. Монголын элч нар явж өнгөрөх замд уран дархчуул цугларч, монголчуудын захиалгаар зэвсэг хийж, адуу малаар арилждаг болсон төдийгүй хятадын орон нутгийн ноёд, түшмэд монголын элчид өгөх бэлэг нэрийдлээр нумыг бөс бараагаар ороож, сумыг архины бутанд хийж өгдөг байжээ. Тэр байтугай Мин улсын хааны ордны монголтой харилцдаг нөлөө бүхий тайган Ван Чжэнь гэгч Эсэн тайштай нууцаар арилжааны хэлэлцээр байгуулсан ажээ. Тэрхүү тайган Датунгийн бүгд захирагч даргад заавар өгч, жил бүр их хэмжээний сум зэв үйлдүүлэн, монголд нууцаар нийлүүлж, хариуд нь Эсэн тайш үнийг нь сайн агтаар бодож өгч байжээ. Ийнхүү Эсэн тайш Мин улсын эсрэг дайндаа цэрэг, тагнуул, дипломатын шугамаар нарийн чанд бэлдсэн байна.
1449 оны 7 дугаар сард Монголын цэрэг 4 замаар Мин улсын хил рүү довтлон оржээ. Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Лоядун руу, баруун гарын баатруудын чинсан түшмэл Алагийн цэрэг Сюаньфу руу, Алчу жанжны цэрэг Шаньси руу тус тус довтолсон байна. Эдгээр 4 замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ. Монголоос нийт 2 түмэн цэрэг энэ дайнд оролцсон гэдэг. 7-р сарын 30-нд Эсэн тайшийн цэрэг Датун хотын ард Мин улсын дэд жанжны цэрэгтэй тулалдахад, дэд жанжин нь алагдаад, цэрэг нь бутарч сарнисан ажээ. Тэгэхэд монгол цэрэг Датунгийн арын олон бэхлэлтийг эзлэв. Мин улс 4 их жанжнаар тус бүр түмэн цэрэг удирдуулан байлдсан боловч цөм ялагдан, бараг бүх цэрэг нь алагджээ. 8 дугаар сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бас л цөм ялагдав. Монголын цэргийн бусад гурван зам бас л амжилттай тулалдаж, ялалт байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзлон авчээ.
Монголын цэрэг 4 замаар довтолж саадгүй давшиж байгаа мэдээ Бээжинд хүрэхэд, эзэн хаан 50 түмэн цэрэг дайчилж, Цавчаал боомтоор гарч, Сюаньфу хүрчээ. Санд мэнд хөдөлсөн Мин улсын их цэрэг замдаа салхи бороонд цохигдон тавгүйтэхэд мод өвс бүхэн монгол цэрэг болон харагдаж, Мин улсын урьд нь алагдсан цэргүүдийн үхдэл энд тэндгүй тааралдах болсон төдийгүй цэргийн хүнс хоол дутаж эхлэв. Датун хүрэхэд монгол цэрэг дийлдсэн аятай ухрахад отоонд орж болзошгүй хэмээн Сюаньфуд буцаж ирэхэд монгол цэрэг араас нь нэхэж байлдав. Мингийн Ин Цзүн хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст 4 түмэн цэрэг өгч угтан байлдуулсан боловч цөм бүслэгдэн хиар цохиулжээ. 8 дугаар сарын 31-нд Мингийн их цэрэг ухарсаар Түмү гэдэг газар ирээд хориглон байлдахыг хичээсэн авч бүрмөсөн бутниргүүлж эзэн хаан Ин Цзүн өөрөө монголчуудад олзлогдсон байна. Энэ үед Мин улсын төр айн сандарч, түшмэд нь бүгдээр ихэд уйлалдан яахаа мэдэхгүй болсон гэдэг. Хааны хатад, ойр төрлийн хүмүүс Ин Цзүн хаанаа алт мөнгө, үнэт эдлэлээр сольж авахаар яарч, ордноос үлэмж хэмжээний эрдэнэс цуглуулан Монгол руу явуулжээ. Эсэн тайш цаашдаа Ин Цзүн хаанаар их апшг олно хэмээн сэтгэж байсан ч тэр нь бүтэл муутай болж, Мингийнхэн шинэ хааныг яаралтай өргөмжилсөн байна. Иймээс тэрбээр 1450 онд Мин улсын хилд 4 удаа цэрэглэн халдаж, шахамдуулсан тул аргагүйн эрхэнд найрамдал байгуулж хаан асанаа эргүүлэн хүлээн авчээ.
Ин Цзун хааныг буцаан өгсөн нь тэр үеийн монгол хятадын харилцааны хурцадмал байдлыг намжааж, 1449-1450 оны 2 жилийн дайныг зогсоож, найрсаг хөршийн харилцаа тогтоох чухал алхам болжээ. Энэ үед Монгол улсын төр зүүн тийшээ зүрчид, баруун тийшээ Хамил, түүнээс баруун талд буй Юлтус голын сав хүртэл, умар зүг Енисей мөрний дээд сав газар, өмнө зүг цагаан хэрэм хүртэлх газрыг захирч байсан нь монголын улс төрийн хүчнүүдийн улс орноо нэгтгэх нэгдмэл зорилтоо биелүүлэхийн тулд нийтээрээ чармайн тэмцсэний үр дүн байв. Энэ тэмцэлд Эсэн тайш гол хичээл зүтгэлийг гаргасан байна. Гэвч Мин улсын хүсэн хүлээж байсан Монголын дотоод зөрчил 1452 оноос нэн хурцадсан нь хааны залгамжлагч хан хүүг тогтоох явдлаас үүдэлтэй байв. Эсэн тайш энэ үед хаан ширээнд далдуур санаатай байсан Тайсун хааны дүү Агваржин жононг талдаа татан, хааныг хавсайдан устгаж, хаан ширээг булаан авсан байна. Эсэн тайш тухайн цагийн Монголын төрийн алтан ургийн үе залгамжилдаг ёсны эсрэг эргэлт хийсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан нь мэдээж юм. Тэрбээр 1453 оны өвөл Монголын их хааны ширээнд сууж, Их Юань улсын тэнгэрлэг Богд хаан гэж өргөмжлөгдөн тунхаглав. Тэрбээр хаан болоод төрийн албан тушаалыг зохистой хуваарилаагүйн улмаас түүний шадар дайчин түшмэд нь гомдож хорсох болжээ. Тухайлбал хааны их түшмэл, баруун гарын чинсан Баатуудын Алагтөмөр болон Зүүнгарын чинсан Асуудын Хатантөмөр хоёр нэг өдөр Эсэнд бараалхаж: “Эсэн чи бүх монголын их хаан суув. Угийн тайш цолоо маньд өгөөч” гэхэд “Би цолоо хүүдээ өгчээ” гэж хариулахад, тэд: “Алагтөмөрийн баатараар, Хатантөмөрийн хатуу зоригоор, Абдура сэцэний аргаар ойрад монголын төрийг авч хаан суув чи. Ганц чиний хүч бил үү” гэж эрс хэлээд гарч одсон байна. Улмаар тэд Эсэнгийн эсрэг бослого гаргахад, Эсэн гэнэдэн дийлдэж зугтан явсаар алагдсан байна.
Ийнхүү ойрадын Тогоон, Эсэн тайш, Тайсун хаан нарын хамтын чармайлтаар бий болсон Монголын улс төрийн нэгдэл нь тун охор хугацаатай хэврэг байсан нь Эсэн тайш төрийн эргэлт хийж бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн хаан ширээг булаан авсан үеэс илэрч, Монгол орныг туйлдуулах болов. Гэвч Эсэн Монголын тархай бутархай байдлыг нэгэн цагт арилгаж, улс төрийн түр нэгдлийг бий болгоход оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг түүх сударт наапггай үнэлж “дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн” гэж тэмдэглэн үлдээжээ.