“Испат” ерөнхий эмнэлэгт байхдаа амласан ерөнхий сайдынхаа “биелүүлээгүй амлалт”-ыг тодруулахаар Энэтхэг эр 1350 км замыг явган туулсан байна.
Мукиткант Бисвал нь Энэтхэгийн Орисса мужийн зүүн хэсгээс явган гарч, тус улсын хойд хэсэгт орших Дели хот хүртэл алхахаар зориг шулууджээ. Гэвч хүрэх газартаа 218 км зай дутуу байхад Агра хотноо тэрээр эмнэлэгт хэвтсэн байна.
Ноён Бисвал ерөнхий сайдад амлалтаа биелүүлэхийг сануулахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 16-нд нэг гартаа улсынхаа тугийг өргөн замд гарсан байна. Гэвч зуны халуун температур нэмэгдсэнээр түүний аялал ийнхүү түр саатжээ.
Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд дээрх эмнэлгийг Дели хот дахь Бүх Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны хүрээлэнтэй адил “супер тусгай байгууламж” болгоно хэмээн хэлж байсан аж. Тиймээс ноён Бисвал ерөнхий сайдтай уулзаж, Испат ерөнхий эмнэлгийг шинэчлэх амлалтыг нь асуухаар шийджээ.
Б.Болормаа