Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх хөдөлгөөний зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийв. МҮЭ-ийн холбооны анхан шатны 10 орчим байгууллага нэгдэж энэхүү хөдөлгөөнийг байгуулжээ. Тэд МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж байгаа юм байна. Монголын ШУ-ны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Т. Баясгалан “Монголын ҮЭ-ийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг үйлдвэрчний эвлэлийн мянга мянган гишүүд шаардаж байна. Таван жилийн өмнө МҮЭ-ийн даргаар Х.Амгаланбаатар сонгогдсоноос хойш хөдөлмөрчдийн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг уулзалт болгон дээр хөдөлмөрчид асууж байна. 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч гэдэг хүн хөдөлмөрчдийн манлайлан туг нь байх ёстой. Гэтэл тэр туг намирахаа болиод зургаан жил болж байна. Ийм ерөнхийлөгчтэй байхаас залхаж байна. Тийм учраас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг огцруулах шаардлага тавьж байгаа юм. МҮЭ-ийн холбоо ажил үүргийн хуваарь гэж байхгүй болсон. Аливаа нэг тэмцэл хөдөлгөөн МҮЭ-ээс нэгдсэн зохион байгуулалтайгаар өрнөхөө болиод удаж байна. Тэмцлийг дандаа унтраадаг, мөхөөдөг. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй зүтгэлтнүүд дайжих болсон. Сүүлийн хоёр гурван жилд МҮЭ-ийн холбооны удирдлагууд дандаа мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд нэр холбогдсон. Гишүүдийн татварыг буруу зарцуулсан, засгийн газраас мөнгө авсан, МҮЭ-ийн холбооны эд хөрөнгийг үрэн таран хийсэн гэх мэт байнга асуудал дагуулах болсон. Нэг ч удаагийн тайлан байхгүй. МҮЭ-ийн холбооны удирдлагууд онол аргазүйн мэдлэг байхгүй, сул үлбэгэр хүмүүс байна. Ийм учраас Х. Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүлсэн” гэлээ.