Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Улаан харгана багийн “Заг-Усан” гэдэг газар 24 настай иргэн Т /рэгтэй/ энэ сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчимд Ховд голын усанд боогдсон малыг гаргахаар морьтой гол гаталж яваад осолдсон тухай мэдээллийг өчигдөр бид хүргэсэн билээ. Тэгвэл сураггүй болсон иргэний цогцсыг Ховд голын эргээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Анх сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран ажиллаж өчигдөр 13:25 цагт цогцсыг осолдсон газраас 2 км-ын зайнаас олжээ.
аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Өвөр наймганы-Адаг” гэдэг газар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 35 настай иргэн А /эрэгтэй/ алтны уурхайн тогтоол усанд завьтай ажиллаж байгаад осолджээ. Улмаар 19-ний өдрийн 15:34 цагт ослын талаар мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 23:30 цагт очиж, 20-ны 01:15 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. “Өвөр наймганы-Адаг” гэдэг газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т оршдог ба уурхайн тогтоол ус нь 340х217 метр хэмжээтэй, 10 метр гүнтэй ажээ.
Түүнчлэн Дорнод аймгаас 200 км, Баян-Уул сумаас 50 км-т орших Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар Баяндун сумын харьяат 33 настай иргэн Б /эрэгтэй/ өчигдөр 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолдсон байна. Ослын талаар 18:10 цагт мэдээлж, дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 20:35 цагт, Эрэн хайх, аврах салбарын лба хаагчид 20-ны өдрийн 02:30 цагт очиж “Хурандаа тохой” гэдэг газар “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.