Замын-Үүд боомтоор хүн болон ачаа тээвэрлэдэг УАЗ-496 машины жолооч нар хилийн нэвтрэх үйл ажиллагаа хааж, жагсаал хийж буй талаар өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл тус боомтын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн болсон талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Өчигдөр болсон жагсаалын үеэр нэгэн иргэнийг цагдаа нар зодож, хүзүүг нь хугалсан ташаа мэдээлэл гарсанд тэрбээр тайлбар өгч “Замын-Үүд боомтод байсан 14 автобусны 300 орчим иргэнд цагдаагийн алба хаагч нар хилээр гарахад нь тусалсан.
Хүзүү хугарлаа гэж мэдээлэл өгсөн 30 настай иргэн хүзүүнийхээ зургийг авхуулаад гэртээ харьсан гэсэн мэдээлэл өгсөн. Цагдаагийн алба хаагч нар бүлэглэн зодсон хэрэг огт гараагүй.
Харин Цагдаагийн байгууллагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг иргэд эсэргүүцэж, алба хаагчдыг үг хэлээр доромжилсон хэрэг гарсан” гэлээ. Одоо тус боомтоор зорчигчид чөлөөтэй нэвтэрч байгаа бөгөөд жагсаал цуглаан тарсан байна.