Удахгүй болох \”Монгол цэргийн өдөр\”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд ОХУ-д суралцаж байгаа манай сонсогч нараас эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчилахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүлэв. ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодарь, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец зэрэг 15 хотуудын цэргийн академи, их дээд сургуульд
суралцаж буй офицер, сонсогчид зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны цэргийн атташе бригадын генерал Г.Энхбаатараар батлуулан ажиллаж байгаа ажээ. Зохион байгуулах томоохон арга хэмжээний тоонд Москва хотод Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээн, Санкт-Петербург хотод \”Цэрэг-эх орон\”-ы сэдэвт \”эссэ\” бичлэг болон шүлгийн уралдаан, \”Монгол цэрэг\” фото зургийн уралдаан болон Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах төрөл бүрийн ажиллагаа багтаж байна. Түүнчлэн энэ жилийн баярын үеэр \”Цэргийн тангараг давтах\” ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж явуулах юм байна.