ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий С хэсгийн Дани, Австралийн тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд манай цагаар өчигдөр оройн 20 цагт болж, тэд 1:1-ээр тэнцсэнээр тус бүр нэг оноо авлаа. Энэ тоглолтын долоо дахь минутад Данийн К.Эриксен эхний гоолыг оруулж, тоглолтыг даничууд тэргүүлж эхэлсэн. Даничуудын давамгайлал хагас цаг үргэлжилсэний эцэст 38 дахь минутад Австралийн М.Единак тэнцээний гоолыг оруулснаар эхний үе өндөрлөсөн. Хоёр баг сүүлийн 45 минутад харилцан олон довтолгоо хийсэн ч амжилттай болж чадсангүй.
Өнөөдрийн тоглолтод даничууд нэг оноо авснаар дөрвөн оноотой болов.Францад хожигдсон Австралийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан ч тэнцээ хийснээр анхны оноогоо авлаа. Австралийн хувьд байдал хүндхэн байна.