Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон есөн жилийн ялыг гурван жил болгон бууруулсан юм.
Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй тэрбээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр “Хүн чанар минь зулгааж байцаагчийн үгийг толгой дохин зөвшөөрснөөс болж өөрийгөө хар нүхэнд унагачихлаа. Тухайн үед хөрш айлын Батмөнхийн хөл муутай охин үхэр хариулж явсан юм. Би аавтай нь ярилцаад явж байтал охиных нь өмд норчихсон чичрээд байсан юм. Охин даарчихсан байсан.
Би өвдгийг нь барьж дулаацуулах гэтэл аав нь “Та миний охины биед битгий хүр” гээд л аваад явчихсан. Тэгээд Батмөнх намайг мөнгө өг гэсэн. Эхлээд би уурласан. Яагаа ч үгүй байж юун мөнгө өгөх вэ гэж бодсон. Дараа нь нэр хүндэд чинь халдана гэхээр нь айсан. Би тухайн үед мөнгө бага 300 мянга байна гэж хэлсэн. Би ажилтай тул 1,2 хоногоос авчирч өгье гэж хэлсэн. Тэгсэн Батмөнхийнх “баталгаа бичиж өг” гэв. Тэд бүр яг ийм үг бичиж өг гэсэн. Бичиж өгсөн л дөө. Хэд хоноод очиход цагдаа, шүүхийнхэнд нөгөө бичиж өгсөн баталгааг мань гол материал болгоод өгчихсөн байсан.
Үйл явдлыг завдсан болгоод мэдүүлэг өгсөн юм билээ. Тэдний гнэр бүлийнхэн дараа нь уучлаарай гэж хэлсэн. Монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэж шуугиж байсан өдрүүдэд худал мэдүүлэг өгсөн. Энэ хурц үеийг ашиглаж мөнгө олох санаа Батмөнхөд төржээ, хөөрхий. Тэгээд буруугаа бодоод амиа хорложээ. Надад есөн жилийн ял оноосны дараа Батмөнх надтай уулзахдаа “Яана аа, би таниас мөнгө авах л гэсэн юм. Шоронд суучихна гэж огт санаагүй” гэж хэлсэн…” хэмээн ярьсан байна.