Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадам өчигдөр боллоо. Энэ тэмцээнд 100 гаруй охид бүсгүйчүүдээс шалгарч үлдсэн 18 оролцогч титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорьж наадмын ялагчаар Эрдэнэбаатарын Энхриймаа шалгарч, олор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн боллоо.
“Монголын сайхан бүсгүй-2018” наадам ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэгдсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тиймдээ ч уралдааны шалгаруулалтын явцад нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуурыг чухалчилж үзжээ.
“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү, Төрийн шагналт, зураач Үржнээ урлажээ. 1989 онд анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодорход задгай загвартай титэм тэргүүндээ залсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү титмийг ялагчид гардуулдаг байсныг сүүлд дахин задгай болгосноор өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм байна. “Монголын сайхан бүсгүй-2018” наадамд дэлхийд нэр алдраа түгээсэн, хөгжмийн ертөнцөд олон рекорд амжилт тогтоосон “Black Eyed Peas” хамтлагийн реппер Apl.de.ap ая дуугаа дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байжээ.
-“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018” УРАЛДААНЫ ЕСӨН ЭРДЭНИЙН
ӨРГӨМЖЛӨЛТ БҮСГҮЙЧҮҮД-
-Алтан эрдэнэ: Э.Энхриймаа
-Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа
-Зэс эрдэнэ: Э.Туул
-Шүр эрдэнэ: Амарзаяа
-Сувд эрдэнэ: О.Уярал
-Оюу эрдэнэ: О.Олонбаяр
-Номин эрдэнэ: М.Ариунжаргал
-Тана эрдэнэ: Н.Тунгалагням
-Ган эрдэнэ: Н.Бадмаараг
ТУСГАЙ ШАГНАЛ:
-Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр
-Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа
-Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа
Тус наадмын тасалбарын орлогыг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв соёл, гэр” төсөлд зориулах юм байна.