Сураггүй алга болсон хоёр настай хүүхдийг дэрсэн дундаас олсон талаар мэдээлсэн билээ. Хүүхэд алга болох, ялангуяа хөдөө орон нутагт, гол усанд хүүхэд эндэх явдал байнга гарсаар байгаа бөгөөд холбогдох албаныхнаас сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэн ажиллаж байгаа ч иргэдийн сонор сэрэмжгүй, болгоомжгүй үйлдлээс болж асуудал үргэлжилсээр байна.
Сүүлд гэхэд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 45 км-ийн зайтай Харганат багийн “Аарцат” гэдэг газар тус сумын харъяат 16 настай иргэн Г /эрэгтэй/ зургадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болжээ. Улмаар энэ тухай мэдээлллийг 29-ний 11:48 цагт өгчээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийн 40 хүнийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 30-ны өдөр тус багийн “Жижиг” нууранд унаж явсан морь нь амьгүй болсон байсныг олсон байна. Өчигдрийн байдлаар тус сумын “Аарцат” гэдэг газар “Жижиг” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоож, өнөөдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байгаа аж.
Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 5 км-т орших Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар тус сумын харьяат 23 настай иргэн Г /эмэгтэй/, 13 настай А /эмэгтэй/, 10 настай Ж /эрэгтэй/ нар сураггүй болсон тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Анх сураггүй болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт өгсөн байдаг юм. Одоогоор А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Есөн салаа” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг багийн “Тавалтайн хавцал” гэдэг газар хүртэл 68 км усаар, гүний шумбалт 23 удаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.