Орчлонт ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар Гандангийн наад дэнж рүү бууж ирмэгц, урин тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн Иүй Бай-хуа гэдэг Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай-хуагийн хар тамхи тасарсан учир нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, цахилгаан мэт хурдан нэг аргыг олж ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: ”Ламбугай өршөө өршөө. Манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байна. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу” гэсэнд лам Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг зал гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин дахин зовлонт үгсийг тоочин элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл барьц ихээхэн өгөх биз хэмээн санаж ном уншихаар хүүхнийг дагалдан түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон ам хамрыг орхимжоороо бөглөн, хүүхний хойноо намс намс алхална.
Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зулсан үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана.
Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийш харсан нэг нүх шиг байшинд ороход хүүхэн ламыг сандал дээр суулгаад “цай авч ирье” гээд гарч явахын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байна. Хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн даавуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ.
Байшингийн дээвэр нь маш балтгар. Гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэг бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимжээ. Байшингийн дотор өдөр байтлаа, бүүрий барай байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан нь бодвол орж гарах хүмүүсийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа “ачит лам минь авралдаа тольдож миний эхийг эдгээн соёрх” гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар өнгөгүй үзэгдэж байснаа харин энэ байшингийн дотор орж ирээд, хоёр хацар нь улаанаар гэрэлтэж, өглөөгүүр залбирдаг цагаан дарь эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар “за бүсгүй, ижий чинь хаана вэ” гэж асуувал хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурмагаар өвчлүүлсэн тул “энд байгаа” гэж ламыг дагуулан нөгөө тасалгаанд оруулав. Нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд даргдсан үзэгдэнэ. Өмнө хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барвал нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээн сэргэсэн байдалтай ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсний байдал гаргана. Хажуугаар нь үг хэлэх ба инээн аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрт Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдээд “лам гуай орой болсон тул манай гэрт хоол зооглоод морилно уу” гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаар ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтоосон заншил тул, даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров.
Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна энэ үед хүүхний өвдөг нь улам улам илүү болж шадарлах нь нэн ойр тулав.
Ийн тийн ярилцсаар, ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж нэг үдшийн зуур Дүйнхорын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ.
Түүнээс хүүхэн: “өнөө нэгэнт орой болжээ. Бид энд таныг хүргэн өгөх уналаггүйгээс гадна, бас бороо орж байх тул энэ шөнө энд морилон хоноод, маргааш харивал сайн биш үү” гэсэнд лам хойш нэгэнт зовсон боловч үнэхээр орой болж, бороо орж байгаа ба мөн ч энд баахан зугаатай болох тул, энэ шөнө дороо хонохыг нэгэн шийдвэрлэв.
Хүүхэн ч баясаж, дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр унтсан хойно мэдээжийн хэрэг хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиаж ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэнтэй төдий л ихэд холилдсонгүй тул баахан халширна.
Лам тэсч ядахдаа шээнэ гэж шалтаглан босож эргэн иргэхдээ хүүхний өвөрт оръё гэж сэтгэж, гадаа гарч явав. Удалгүй эргэж ирээд гадна чагнавал чив чимээгүй, хаалгыг татвал “ламбугай бяцхан байзнаарай” гэж хүүхэн дуу алдахад лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөн л бяцхан нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үнэхээр үзэсгэлэтэй үзэгдэж сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлого хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж, винайн ёс нэгэнт баруун зууд одоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад орж, хүүхний хамт нойрсов.
Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө ирсэн боловч үдэш санагдан эргэж ирсээр нэгэнт хэд хэдэн сар болж баруун дамнуурчныхаа гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв.
Түүнээс Иүй Бай хуа Лодонд үнэхээр дурласан бус тул энэ завсар баян гэвшийн буянаар дэмий л тарвалзсан боловч бас ханахгүй гэвш Лодон ертөнцийн цалам нэгэнт урхилагдаж, хүүхэнд автагдан юу гэвч гажуугүй болсон, яван явсаар лам Гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж, Иүй Бай хуад гуа сайхан, элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болов. Нэг өдөр гэвш Лодон гэртээ ирээд, байшингийн хаалга татвал дотроос нь түгжжээ. Цонхны булангийн завсраар нууж үзвэл Иүй Бай хуа нэг залуу хархүүтэй тэврэлдэн сууна. Иүй бай хуагийн хуучны зузаан янаг байна гэсэн нь энэ мөн байгаа гэж лам гэнэт таниад уур нь бадарч жанчилдъя гэж байшингийн хаалгыг хэмх цохин орж хэрүүл шуугиан гаргав. Гэтэл хүүхэн өчүүхэн ч эмээх зовох байдалгүй харин дургүй учраа хэлж, хараан загнаж, хөөн гаргасанд лам заалдъя гэвч хуваргийн ёсоо эвдсэн тул аргагүй гунихран, байшингийн босгыг тэвэрч
“Хүү минь би чамд хайртай
Одоо би хаана очих вэ?
Өөр хүнтэй ханилах хамаагүй
Гагцхүү намайг бүү орхи” гэж хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулна.
Д.Нацагдорж