Энэ сарын 15-нд АНУ-ын тусгай албаныхан тус улсын нийслэл Вашингтон хотноо ОХУ-ын нэгэн иргэнийг тагнуул хийсэн хэргээр баривчилжээ. Өдгөө 29 настай Мария Бутина гэгч ОХУ-ын уг иргэн нь тус улсад оршин суух зөвшөөрөлтэй нэгэн бөгөөд АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурьдснаар уг эмэгтэй АНУ-ын Засгийн газарт нөлөө бүхий нэгэн байгууллагад нэвтэрч өөрийн улсад ашигтай шийдвэр гаргуулах оролдлого хийсэн гэжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Мария Бутинаг энэ сарын 15-нд Колумби дүүргийн Вашингтон хотод саатуулан баривчилсан бөгөөд түүнийг энэ сарын 18-ны өдөр Колумби дүүргийн Деборой Робинс тойргийн шүүхэд шүүхээр болжээ. Хэрвээ тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 5 хүртэлхи жилийн ял авах юм байна.
АНУ-ын хууль сахиулах байгууллагаас түүнд оноож буй ялын төлөвлөгөөнд дурьдснаар “Мария Бутина нь 2015-2017 оны хооронд өмнө нь ОХУ-ын Төрийн думын гишүүн болон мөн тус улсын төв банкинд өндөр албан тушаал хашиж байсан Оросын Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтны заавраар ийнхүү тагнуулын ажиллагаа явуулсан ба уг ажилтан нь энэ оны 4-р сард АНУ-ын Сангийн яамны хоригт багтсан өндөр албан тушаалтан байсан болох нь тогтоогдсон байна. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тагнуулч эмэгтэйтэй холбоотой уг өндөр албан тушаалтан нь Оросын сенатор Александр Торшин гэгч ажээ. АНУ-ын нутаг дэвсгэр тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан Мария Бутина нь ОХУ-ын Алтайн их сургуулийг улс төр судлаачаар төгссөн бөгөөд мөн АНУ-ын Вашинтон хотын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгсөн тус улсад ажиллаж амьдарч байжээ. Америкийн зарим хэвлэлүүдэд мэдээлснээр тэрээр Дональд Трампын сонгуулийн компанит ажилд оролцож, мөн АНУ-ын Бүгд найрамдах намын идэвхитэн Пол Эриксонтой хамтран бизнес эрхэлж байсан юм байна.