Манай бизнес эрхлэгчид гадаад, дотоодгүй бараагаа шахаад, өөдлөх нь өөдлөөд хэрэндээ бусдын гарыг харчихгүй явцгааж л байна. Гэхдээ тэдний дотор ил далд амбиц, хор шар, атаа жөтөө бэлчдэг л биз. Жишээ нь гэхэд, өөрсдийн гэсэн брэндийг буй болгоод буй хоёр бүсгүйн хооронд нэг ийм маргаан дэгджээ. Үүнийг нэг талаас үзэл бодлын зөрчилдөөн гэж болох ч үнэн хэрэгтээ дийлэнх нь үүнийг атаархал хэмээн дүгнэв.
Маргаан ердөө л захиалгаас эхтэй аж. Яахав OOGII брэндийг захиалах захиалга Оогий буюу О.Оюунцэцэгт ирж. Үнэ ханшийг нь ч тодруулж гэнэ. Хариуд нь янз бүрийн үнэтэй, орой холбогдохыг зөвлөсөн байв. Харин яагаад ч юм Exclusive-ийн Маяа буюу Г.Майцэцэг “Монголын жирийн иргэн авч дийлэхгүй байх наад гутлыг чинь. Оогий минь Монголдоо бараа шахах биш Монголоосоо бараа наанаа шахаач дээ. Монголын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт зориг гаргаад хийгээч дээ. Хөл гараа олчихсон л харагдах юм” гэсэнд хариу өгч Оогий нь “Та эрүүл үү” гэснээр энэхүү үзэл бодлын зөрчил ч гэх үү, атаархуу зангийн илрэл ч гэх үү асуудал эхэлсэн байх юм.
Маргаанаас ажихад Маяа нь гадаадад амжилттай ажиллаж яваа Оогий зэрэг бизнес эрхлэгчид Монголчууддаа дэмжлэг үзүүлж, түүхий эд, туслах материал, тоног төхөөрөмжийг нь нийлүүлэх юм бол Оогийгийн брэнд битгий хэл гутлыг хийчих хүмүүс орон нутгаар өч төчнөөн байгааг сануулсан байна. Харин Оогий болохоор Маяагаас сүүлийн бараг хоёр жил хамтарч ажиллах, Evclusive-ийг дэмжин, үйлдвэрт нь Fast Fashion үйлдвэрлэх санал тавьсан ч Маяа ажил хэрэг болгоогүй учраас Говьтой хамтрахаар болж байгаа гэнэ. Энэ тухай харин Маяа анх удаа сонсож байгаа бололтой хариу өгнө билээ.
Нэг нь гутал цүнх, нөгөө нь хувцас үйлдвэрлэлийн хоёр хатагтай нар өрсөлдөгч биш атал хэн нь ч мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. Энэ мэтчилэн зөрчил нэлээд халуухан өрнөлөө. Тэдний энэ байдалд иргэд хөндлөнгийн байр сууриа илэрхийлэхдээ ихэвчлэн “Маяа атаархсан” гэдэг дүгнэлтийг өгчээ.
Гэх мэтээр маргаан өрнөсөөр…