Америк, Хятад хоёр улсын хооронд худалдааны дайн эхэллээ гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн энэ сарын 19-нд энэ асуудлаар Хятадын талын байр суурийг илэрхийлсэн мэдээлэл хийжээ. Тэрээр энэ үеэр Америкийн талаас өдөөж буй худалдааны дайнд Хятадын тал зайлшгүй шаардлагатай хариу арга хэмжээг авах болно гээд “Америк хэлснээсээ буцаж, итгэл үнэмшилгүй байгаа нь хоёр талын хэлэлцээний хаалгыг хааж байгаа хэрэг” гэжээ.
Мөн тэрээр цааш хэлсэн үгэндээ “Америк, Хятадын худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээрээр тохиролцоонд хүрч чадаагүй нь Хятад улстай холбоотой гэж Америкийн нэгэн албаны хүн хэлж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй юм.
Америк нэг талаар гаалийн татварын зэвсэг барьж дэлхийн хэмжээнд худалдааны дээрэнгүй үзэл хэрэгжүүлж, нөгөө талаараа гэмгүй номхон хүн шиг аашилж, хариуцлагыг нөгөө талдаа үүрүүлэхээр оролдож байна. Үнэн хэрэгтээ энэ оны хоёрдугаар сараас хойш Хятад, Америк 4 удаагийн зөвшилцөл хийсэн юм. Хятадын тал хамгийн үнэнч сэтгэлээр хамтран ажиллаж, хамтаар ашиг олох гэсэн байр сууриар асуудлыг зохицуулахыг зорисон. Ялангуяа тавдугаар сарын 19-нд нэгдмэл ойлголтод хүрч хамтарсан мэдэгдэл гаргасан. Гэвч тавдугаар сарын 29-нд Америкийн тал нэг талын мэдэгдэл хийж, нэгдсэн ойлголтыг уландаа гишгэсэн юм.
Зургадугаар сарын эхээр эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодитой хамтран ажиллахаар дахин ойлголцолд хүрээд байсан ч зургадугаар сарын 15-нд Америкийн тал мөн л хэлснээсээ няцаж, долдугаар сарын 6-нд худалдааны дайн өдөөсөн байна. Долдугаар сарын 11-ний өдөр болоход худалдааны дайныг эрчимжүүлсэн байна. Бид үүнд харамсаж, нэг талт, худалдааны дээрэнгүй үзлийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнээс үзвэл Америкийн тал хэлснээсээ буцаж, итгэл үнэмшилгүй байж, хоёр талын хэлэлцээний хаалгыг хаасан юм” гэсэн байна.
Гао Фэн эцэст нь хэлэхдээ “Америкийн талын Хятадын 34 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хурааж байгаа явдал нь ДХБ-ын хөнгөлөлт үзүүлэх зарчим, гаалийн татварын хязгаарын үүрэг хариуцлагаас няцсан үйлдэл юм.” хэмээв.
Америкийн талаас саяхан гаргасан 200 тэрбум ам.долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах талаарх мэдэгдлийн хүрээнд Хятадын тал ДХБ-д зарга мэдүүлээд байгаа аж. Энэхүү арга нь ДХБ-ын үндсэн дүрмийг хамгаалах зайлшгүй арга болох юм гэж Гао Фэн хэвлэлийн хурлын үеэр илэрхийлжээ.