Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдтой ярилцлаа.
-Монголын Хуульчдын холбооноос гуравдугаар сард \”Прокурор, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах аян”-ыг зарлаад байгаа юм байна. Аяны хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
-Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох замаар Монгол Улсад хуулийн засаглалыг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, тэдний эрх ашгийг хамгаалах ажлын нэг болгож \”Прокурор, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах аян”-ыг зохион байгуулж байна. Аяны хүрээнд өмгөөлөгчдийг хариуцлагын даатгалдаа хамрагдах боломжоор хангахын зэрэгцээ прокуроруудаас \”Прокуроруудын хөдөлмөрийн сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүчин зүйл” судалгааг аваад байна. Түүнчлэн \”Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж прокуроруудынхаа саналыг сонссон бол удахгүй \”Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн чиг хандлага” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Мөн прокурор, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой ярилцлага, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон Хуульчдын холбооны www.mglbar.mn сайтад нийтлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүллээ.
-Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамжийг судалсан гэлээ. Энэ судалгааны үр дүн ямар гарсан бэ. Прокурорууд ажлын байрандаа хэр сэтгэл ханамжтай байдаг юм байна, Тэдэнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн сэтгэл ханамжийн төлөв байдал, сэдэл, тэдгээрт эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэн, прокуроруудын санал бодлыг тодруулах замаар бодлого боловсруулахад шаардлагатай зарим дүгнэлт зөвлөмж боловсруулах зорилгоор Хуульчдын холбооноос энэхүү судалгааг эрхлэн явуулсан. Судалгаанд Прокурорын байгууллагын нийт 210 ажилтан албан хаагч оролцсон. Судалгаанаас үзэхэд прокуроруудын албан ажлын хэрэгцээнд хамгийн их дутагдалтай байгаа зүйл нь албаны унаа, албаны утас, өрөө тасалгааны хүрэлцээний асуудал байдаг юм байна. Иймд дээрх хэрэгцээт зүйлсийн эрэмбийн дагуу прокурорын ажлын байранд шаардлагатай эд материал, техникийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Мөн судалгааны дүнгээс үзвэл прокурорууд авч буй цалиндаа сэтгэл хангалуун бус байна. Сэтгэл хангалуун бус байгаа шалтгаан нь хийж байгаа ажилтайгаа дүйцэхүйц хэмжээний цалин, үнэлгээ авахгүй байгаатай холбоотой гэж ойлгож болно. Харин ачааллын хувьд судалгаанд оролцогчдын 66.3 хувь нь ажлын ачаалал ихтэй гэжээ. Ажлын ачаалал ихтэй байгаа нь өөрийн хийж байгаа ажилдаа тохирохуйц цалин хөлс аваагүй гэж хариулах үндсэн шалтгаан болж байна. Иймд Хуульчдын холбооноос прокуроруудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэднээс саналыг нь авч, холбогдох хуульд эрх зүйн байдлыг сайжруулах, нийгмийн баталгааг хангасан зохицуулалтыг хууль санаачлагч эрх бүхий этгээдэд хүргүүлэх ажлыг Прокурорын хороотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-\”Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” уулзалт тун удахгүй болох юм байна. Энэ уулзалтаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Энэ уулзалтыг гуравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулна. Зөвлөлдөх уулзалтад Монголын Хуульчдын холбоонд бүртгэлтэй 78 өмгөөллийн нөхөрлөлийн удирдах, төлөөлөх хүмүүс оролцох юм. \”Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын өмгөөллийн нөхөрлөлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ \”Олон улсын хуулийн фирмүүд, тэдний хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааны зарчим”, \”Өмгөөллийн нөхөрлөлийн ангилал удирдлага, ашиг алдагдал хуваарилах зарчим” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Энэ арга хэмжээ нь зөвлөлдөх уулзалт учраас хуулийн этгээд байгуулан ажиллаж байгаа олон жилийн туршлагатай өмгөөлөгч нар туршлагаасаа хуваалцаж, оролцогчид маань хамтран зөвлөлдөж, Монгол Улсад өмгөөллийн нөхөрлөл хэрхэн ажиллаж, хөгжих асуудлыг ярилцах юм. Тодруулбал, Энэ уулзалтаар өмгөөллийн нөхөрлөлийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хөгжлийн чиг хандлагыг зөвлөлдөн ярилцаж, шийдвэрлэх арга замыг тогтоохыг зорьж байна. Мөн Монголын Хуульчдын холбоо Өмгөөллийн хуулийн этгээдийн хоорондын харилцаа холбоо, баримтлах бодлогын асуудлыг ярилцана.
-Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр бууруулжээ. Энэ шийдвэрийг даатгалын компаниуд хэрхэн хүлээж авсан бэ?
-2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээ 100 мянган төгрөг байсныг шинэчлэн 50 мянган төгрөгөөр тогтоох шийдвэр гаргасан. Гэхдээ хураамж буурснаараа даатгуулагчийн эрсдлийн дүн буурсан гэсэн үг биш. Эрсдлийн дүн 10 хүртэлх сая төгрөг хэвээрээ байгаа. Хуульчдын холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 даатгалын компанитай хамтран ажилладаг байснаас дээрх шийдвэрийг 9 даатгалын компани хүлээн зөвшөөрч хамтран ажиллах тухайгаа албан ёсоор мэдэгдээд байгаа.
-Өмгөөлөгчид хариуцлагын даатгалдаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ? Даатгалдаа хамрагдаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг байх?
-Өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан журмын дагуу \”Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал”-д заавал даатгуулах үүрэгтэй. Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулах нь хуульд заасан нэг үүрэг төдийгүй олон нийтийн зүгээс өмгөөлөгчид итгэх итгэлийг нэмэгдүүлж, өмгөөлөгч үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх баталгаатай эх үүсвэрийг бүрдүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, даатгал нь өмгөөллийн эрх зүйн үйлчилгээ авсан иргэдийг эрсдэлгүй байх боломжийг хангаж байгаа харилцаа. Учир нь өмгөөллийн хөлсөө авчихаад зохих түвшинд ажиллахгүй байна гэсэн гомдол Хуульчдын холбоонд цөөнгүй ирдэг. Өмгөөлөгчид даатгалдаа хамрагдаагүй тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр мэргэжлийн хариуцлага хүлээхэд хүрнэ. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйл /Хуульчийн мэргэжлийн ажиллагааны зөрчилд хүлээлгэх хариуцлага/, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 20.3 дугаар зүйл /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил/-д заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ. Хүлээлгэх хариуцлагын хувьд, хаалттай болон нээлттэй сануулах, Шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай хугацаагүй түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авдаг.
-Хуульчдын холбооныхон орон нутгийн хуульчиддаа \”ойр байх”-ыг зорьдог. Энэ хүрээнд зүүн бүсийн аймгуудад ажиллах гэж байгаа юм байна. Орон нутагт ажиллах үеэрээ ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ?
-Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар орон нутаг дахь салбарыг байгуулсан. Түүний зохицуулагчийг томилох ажлыг Холбооны Тамгын газраас зохион байгуулахаар журмаар зохицуулсан байдаг. Энэ хүрээнд 2016 онд орон нутаг дахь салбарын зохицуулагчийг томилж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр холбооны ерөнхий төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Тиймээс салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зүүн гурван аймгаас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Ажлын хэсэг хуульчийн багц цаг тооцох сургалт, салбарын зохицуулагчийг сонгох сонгууль, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, орон нутгийн хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
-Энэ сургалтад хамрагдсан хуульчид бүтэн жилийнхээ багц цагийг тооцуулах боломжтой гэсэн үү?
-Хуульчийн багц цагийн сургалтыг заавал үзэх хичээл болох Хуульчийн ёс зүй, мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга зэрэг сэдвээр сургалт зохион байгуулна. Орон нутгийн хуульчдад хүндрэл үүсгэхгүйн үүднээс бүтэн жилийн багц цагийн буюу 4 кредитийн сургалтыг тухайн орон нутагт нь очиж зохион байгуулах гэж байна. Орон нутагт хуульчийн багц цагийн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахад нэг аймгаас нөгөө аймагт очих цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд хуульчдад хүндрэлтэй асуудлууд их тулгардаг. Цаашдаа энэ байдлыг арилгах талаар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Эхний хагас жилд багтаад онлайн сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр заавал танхимд суухгүйгээр сургалтандаа хамрагдах боломжтой болж байгаа.
-2016 оны багц цаг тооцох сургалтыг зохион байгуулж эхэлсэн үү?
-2016 оны хуульчийн үргэлжилсэн сургалтыг энэ сарын 12-нд шинэ хуульчдын сургалтаар эхлүүлээд байгаа. Сургалтын хорооноос 2015 онд хуульчдаас ирүүлсэн хүсэлт, эрэлт, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан 2016 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил УИХ-аас баталсан шинэ хуулиудыг сурталчлах, таниулах чиглэлийн сургалтуудыг түлхүү явуулах бөгөөд \”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх”,”Хүсэлт гаргах, шийдвэрлэх,нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа”, \”Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалт”, \”Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад тавигдах шаардлага”, \”Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн зохицуулалт”, \”Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт”, \”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал”, \”Өмчлөх эрх болон эд хөрөнгийн эрхийн хязгаарлагдмал эрх”, \”Гэмт хэргийн бүтцэд эзлэх хувийн жин, өндөр, зарим хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулгад/ тусгасан байдал”, \”Ажилтанд ногдуулах хууль зүйн хариуцлагын зохицуулалтын гэрээ”, \”Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох зохицуулалтын гэрээ”, \”Хуулийн төлөвшил ба харилцааны ур чадвар”, \”Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, \”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гаргах, бүрдүүлэх, үнэлэх” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулагдаад явж байна. Одоогоор 2016 орны хуульчийн үргэлжилсэн сургалтад 200 гаруй хуульч хамрагдаад байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд сургалтууд үргэлжлэн явагдах бөгөөд тухай бүрт нь зар, мэдээллийг холбооны цахим хуудсаар дамжуулан хуульчдад хүргэж, бүртгэлийг явуулна.
-Саяхан татвараа төлөөгүй 15 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан байна. Хуульчдын татвар төлөлт ямар түвшинд байна вэ?
-Хуульчдын холбооны Тамгын газар, Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанаас хамтран гишүүний татвараа огт төлөөгүй хуульчдын судалгааг гаргаж, үүргийн биелэлтийг хангуулах ажлыг шат дараалан авсны үндсэн дээр хуулийн зохицуулалтыг үндэслэн гишүүний татвараа огт төлөөгүй 15 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Цаашид 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Тамгын газрын даргын тушаалаар энэ сарын 10-аас \”Татварын аян”-ыг эхлүүлээд байна. Аяны хүрээнд гишүүдийн татвар төлөлтийн байдалд судалгаа хийсэн. Судалгаагаар огт татвараа төлөөгүй хүмүүс цөөнгүй байсан. Тиймээс аян зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс татвар төлөлт нь дутуу байгаа хуульчдад мэдээллийг хүргэх, мэдэгдсэн хугацаанд татвараа төлөөгүй хуульчдад шаардлага хүргүүлэх, бүр цаашлаад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг авахаар ажиллаж байна. Мөн Хуульчдын холбооноос төрийн албанд ажиллаж буй хуульчдыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжоо хадгалахын тулд зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, багц цагаа хангаж, татвараа төлсөн тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх бодлогыг барьж ажиллаж байна.
-Энэ жил Хуульчдын холбооноос зохион байгуулах томоохон ажлын нэг нь Азийн Хуульчдын холбооны ерөнхийлөгч нарын 27 дахь уулзалт. Анх удаа зохион байгуулж буй энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Энэ чуулга уулзалт нь 1990 оноос зохион байгуулагдаж ирсэн, Ази Номхон далайн бүс нутгийн 23 орны 30 байгууллагын Ерөнхийлөгч болон бусад хуульч нар нэг дор цугларч тухайн жилд хуулийн салбарт тулгамдаж буй асуудлууд, дэвшил, түүнийг шийдвэрлэх гарц, ирээдүйн хөгжил, хамтын ажиллагаагаа ярилцдаг. Энэ жил манай Улсын Хуульчдын холбоо зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэгт хуулийн салбарын нэр хүндтэй, олон улсын практик туршлагатай хуульчид, Өмгөөлөгчдийн холбооны төлөөллийг оруулсан. Ажлын хэсгээс чуулганы хэлэлцэх асуудлууд, хөтөлбөр, зохион байгуулах ажлын төлөвлөгөө, гадны зочдод зориулсан мэдээллийн багц зэргүүдийг боловсруулж бэлэн болгоод байна. Хэлэлцэх асуудлын хувьд Монгол Улсын хувьд тулгамдаад байгаа зарим асуудлыг оруулсан ч бусад орнуудаас санал авч эцсийн байдлаар шийдвэрлэх учраас одоохондоо олон нийтэд зарлах боломжгүй байна. Мөн зохион байгуулах газраа сонгоод гэрээгээ хийгээд байна. Удахгүй энэ чуулга уулзалтын талаар Холбооны цахим хуудсанд тусгайлсан хэсэг гаргаж үйл явцыг нэг бүрчлэн мэдээлж байх болно. Түүнчлэн Монгол Улсаас оролцохыг хүссэн хуульч, өмгөөллийн нөхөрлөлүүдийг бүртгэх ажил ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлнэ.
Эх сурвалж: mglbar.mn