УИХ-ын ээлжит сонгууль болоход 2 сар орчмын хугацаа үлдлээ. Тийм учраас намууд орон нутаг бүрт рейтинг судалгаа авч, хэнийг сойхоо шийднэ. Энэ судалгаануудыг үзвэл С.Бямбацогт рейтингээрээ хамгийн өндөр явж байгаа бол Ш.Адьшаа удаалж байна. Харин гуравдугаарт Б.Очбадрах гэх МАН-ын гишүүн оржээ. www.amjilt.com сайтын \”хэн нь хэн бэ\” буландаа ховдын тойрогт өрсөлдөх зургаан эрхэмийн талаар бичлээ.
МАН-аас \”Тооны Очоо” хүч үзэж магадгүй
\”Тооны Очоо” гэх эрхэмийг тухайн үеийн төгсөгчид нь энэ нэрээр нь анддаггүй. Түүний эцэг Балжинням агсан нь Ховд аймгийн Алтай сумын, ээж нь Эрдэнэбүрэн сумын харъяат ажээ. Б.Очбадрах нь Зэрэг, Мөст сумдад төрж өсөн аймгийн 1-р сургуулийг Алтан медальтай төгсч ЗХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн академи, ОХУ-ын Москва хотын удирдлагын академи, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг 4 их, дээд сургуулийг эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор цолтой.
Б.Очбадрах гэгч нь Улсын Төлөвлөгөөний Комисс, Намын Төв Хороо, Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, Төрийн банкинд хариуцлагатай алба хашиж явсан Төр Засгийн ажлын туршлагатай гэж дүгнэгддэг.
Элдэв муу асуудалд холбогдож байгаагүй, боловсрол мэдлэг сайтай, төрийн ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр гэж үнэлдэг учраас МАН-аас түүнийг Ховдод нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа ажээ.
С.Бямбацогт жагсаалтад \”орох хүн”
МАН-аас С.Бямбацогтыг нэр дэвшүүлж магадгүй. Гэхдээ тойргоосоо 2 ч удаа сонгогдсон болохоор жагсаалтад ч багтах өндөр магадлалтай. Намдаа хийсэн ажил нь үнэлэгдэж, рейтингээрээ ч нутагтаа өндөр яваа. МАН-ын УИХ дахь бүлгийн даргын ажил нь түүний нэр хүндийг өндөрт их өргөсөн. Асууж байгаа асуулт, хурц шүүмжлэл зэрэг нь хааяа трэнд болдог. Элдэв хээл хахууль, охид эмэгтэйчүүдийн асуудалд нэр нь холуур явдаг.
Ш.Адьшаа ахин нэр дэвшихийг санаархаж байна
\”Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-ийн тэргүүн Ш.Адьшааг ихэнх хүмүүс Гаалийн Ш.Адьшаа гэдгээр нь илүү мэддэг. Төрөөс төрсөн тэрбумтан гэх нэрийг хүртэл зүүсэн Ш.Адьшаа нь нутаг орондоо рейтинг өндөртэй яваа. Гэхдээ сүүлийн үед Шийлэгдамбын хэрэгтэй холбоотой рейтинг нь унасаар байгаа нь судалгаануудаас харагдаж байна. Түүний хувьд МАН-аас АН-ын гишүүн болсон хэдий ч З.Энхболд буюу намын дарга нь \”Ш.Адьшааг нэр дэвшүүлэхгүй” гэж нэрийг нь улаанаар дарсан тухай яриа бий. Хэрвээ тийм бол тэр ахин бие дааж ч магадгүй юм. Түүний хувьд хуульч мэргэжилтэй. \”Улаанбаатар Мед” эмнэлгийн эзэн билээ.
АН С.Бямбацогтын эсрэг Д.Батцогтыг тавих уу?
Д.Батцогтыг АН нэр дэвшүүлж, Ховдод өрсөлдүүлэх хамгийн өндөр магадлалтай.УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын ажлыг мөн хашиж байгаа. 2012 оны сонгуульд \”МҮАН- МАХН Шударга ёс эвсэл”-ээс нутагтаа хүч үзсэн ч бууриа сэлгэж АН-д элссэн. Бямбацогттой баз хүргэчүүд болохоор Ховдчууд нэгийг нь л сонгох, аль эсвэл нэгнээ чирэх ч аюул бий,
\”Торгон нутгийн” О.Батнасан УИХ-д горилж байна
Нийт Монголчуудад төдийлөн танигдаагүй ч Ховддоо нэр хүнд гайгүй яваа Ховд аймгийн Булган сумын харьяат О.Батнасан гэх хүн бий. Тэрээр бизнесмен УИХ дахь МАН-ын зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүний сонгуультай. \”Ховд Торгон Нутаг” санг үүсгэн байгуулсан юм байна.
Б.Пүрэвдорж ахин \”барилдах уу”?
Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж 2012 оны сонгуулиар Ховдод \”барилдаад” өвдөг шороодсон. Гэхдээ ахин хүч үзэх санаархалтай яваа юм байна. 2012 оны Сонгуулийн дараа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын ажлыг хашиж байсан. Нутгийнхаа хүмүүсээр байгууллагаа дүүргэсэн гэх шүүмжлэлийг их дагуулсан. 2015 оны 6-р сард АТГ түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Тиймээс ажлаа өгсөн. Гэхдээ хэрэг нь хэрхэн шийдэгдсэн тухай мэдээлэл ахиж олны өмнө ил болоогүй юм. Рейтинг нь өндөр биш байгаа түүнийг нэр дэвшүүлэхгүй гэх яриа ч байна. Гэхдээ нутгийнхаа АН-ын дарга байсан гэдэг утгаараа дэвшиж ч болох юм.
Б.БАТ
Эх сурвалж: amjilt.com