Төв африкийн бүгд найрамдах улсад өчигдөр Оросын алдартай сэтгүүлчид болох сэтгүүлч Орхан Джемаль, зураглаач Кирилл Радченко, найруулагч Александр Расторгуев нар алагджээ. Энэ талаар Оросын мөрдөн шалгах төвийн хоёр эх сурвалжаас “Дождь” телевизид мэдээлсэн байна. Амиа алдсан сэтгүүлчид тус улсад байрладаг хувийн цэргийн компани болох “Вагнер”-ийн талаар баримтат кино хийхээр материал цуглуулж байсан бөгөөд уг хувийн компани нь хөлсний цэргүүдийг дэлхийн олон оронд илгээдэг компани ажээ. Тэдний амь үрэгдсэнийг Төв африкийн бүгд найрамдах улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон тус улсын албаны хүмүүс албан ёсоор баталсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар киноны багийнхнийг хамгаалалтын пост дээр зогсоосон бөгөөд тэд нийслэл Банги хотоос өөр хотод очихоор явж байсан юм байна. Интерфакс мэдээллийн агентлагийн мэдээлснээр тэднийг дээрэмдэх зорилгоор ийнхүү амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа ба мөн цогцосыг нь Сибут хотоос 23 км-ийн цаана олжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Оросын сэтгүүлчдийг үл таних зэвсэглэсэн этгээдүүд хөнөөсөн юм байна.