Египетийн Коптик Ортодюкс сүмийн тэргүүн II Пап Тавадрос цаг хугацааг үр дүнтэй зарцуулах үүднээс өөрийн албан ёсны Фейсбүүк хаягийг устгасан байна. Тэрээр, “Цаг хугацаа бол Бурхнаас бидэнд өгсөн хамгийн үнэт бэлэг. Христэд итгэгч хүн өөрийн цаг хугацааг ариун байлгах ёстой. Лам хүмүүс бүхий л амьдралынхаа туршид Бурхны төлөө бүх зүйлээ орхих учиртай” хэмээн мэдэгджээ.
Тэрээр олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хаягаа анх 2009 оны аравдугаар сард нээж, идэвхтэй хөтлөн явуулдаг байсан юм. Түүнчлэн сүмийн зүгээс бүх лам нартаа олон нийтийн сүлжээний хаягуудаа хаах нэг сарын хугацаа өгсөн байна.
Өнгөрөгч Ням гаригт Каирт нас барсан нэгэн ламын учир битүүлэг үхлээс болоод Коптик Ортодюкс сүмээс хэд хэдэн дүрэм журмыг чангатган шинэчилжээ. Үүнд:
- Нэг жилийн хугацаанд шинэ лам хүлээн авахгүй
- Тахилчдыг гурван жилээр томилох
- Сүмийн гишүүдийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гарахыг хориглох
- Сүмийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүйгээр сүм амьдрахыг хориглох гэсэн заалтуудыг оруулжээ.
Б.Болормаа